Д.Трамп: Иран хэлэлцээ хийхийг хүсвэл утсаар ярьж болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-27 10:58:31

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Reuters/. Хэрэв Ираны тал хоёр сар үргэлжилж буй дайныг зогсоох талаар хэлэлцээ хийхийг хүсвэл "утасдаж болно" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгдээд, Иран улсыг хэзээ ч цөмийн зэвсэгтэй болгохгүй гэдгийг дахин дурджээ. Энэ мэдэгдлийг тэрбээр Ираны талаас хэлэлцээр байгуулахад саад болж буй хүчин зүйлүүд, тэр дундаа боомтуудад нь тавьсан бүслэлтээ зогсоохыг АНУ-аас шаардсаны дараа хийсэн байна. 


АНУ-Ираны энхийн хэлэлцээ өнгөрсөн амралтын өдрүүдэд мухардалд орж, Персийн буланд далайн тээвэр саатсаны улмаас өнөөдөр өглөө Азийн зах зээлд газрын тосны үнэ өсөж, ам.долларын ханш чангарсан бол АНУ-ын хөрөнгийн зах зээлийн фьючерс үзүүлэлтүүд уналаа.


“Тэд юун дээр тохиролцох ёстойгоо мэдэж байгаа. Энэ бол маш энгийн, товчхондоо тэд цөмийн зэвсэгтэй байж болохгүй, эс тэгвээс уулзаж ярилцах ямар ч шалтгаан байхгүй” гэж Д.Трамп хэлжээ


Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хамтран Иранд агаарын цохилт өгснөөр эхэлсэн мөргөлдөөн гал зогсоосноор түр намжаад байгаа хэдий ч дайныг бүрмөсөн зогсоох нөхцөлийн талаар талууд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй байна. Энэхүү дайны улмаас олон мянган хүний амь үрэгдэж, газрын тосны үнэ өсөн, инфляцыг хөөрөгдөж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв байдалд сөргөөр нөлөөлсөөр байна. 


Нэр хүнд нь унаж буй Д.Трампын хувьд төдийлөн дэмжлэг авахгүй байгаа энэхүү дайныг зогсоох дотоодын хүчтэй шахалттай тулгараад байна.


Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан бямба гарагт Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шарифтай утсаар ярихдаа, Техран заналхийлэл, бүслэлтийн дор "тулгасан хэлэлцээнд" орохгүй гэдгийг мэдэгдсэн тухай Ираны талын албан ёсны мэдээнд дурджээ.

Related news