Ж.Вердийн “Макбет” дуурийн гол дүрд гавьяат жүжигчин Э.Анхбаяр дуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн театраас энэ амралтын өдрүүдэд Ж.Вердийн “Макбет” дуурийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Уг дуурийн гол дүрийг гавьяат жүжигчин Э.Анхбаяр амилуулах юм. Английн алдарт жүжгийн зохиолч У.Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт зохиолын нэг бол “Макбет” бөгөөд уг жүжгийн зохиолоос сэдэвлэн цомнолыг Ф.М.Пиаве бичсэн байна. Ж.Вердийн алдарт гурван дуурийн нэг “Макбет”- ыг 1847 оны гуравдугаар сарын 14-нд Италийн Флоренц хотын “Театро Делла Пергола” театрт анх толилуулжээ. Харин шинэчилсэн хувилбарыг 1865 оны дөрөвдүгээр сарын 19-нд Парисын театрт тавьсан байна. Энэ хувилбараараа илүү олонд хүрсэн бөгөөд Ж.Верди дуурийн хөгжмийг 1846-1847 онд бичсэн түүхтэй. Тэгвэл Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр 60 жилийн ойн босгон дээрээ буюу 2023 онд дэлхийн алдарт “Макбет” дуурийг үзэгчдэдээ хүргэснээс хойш ерөнхий найруулагч С.Баттулга найруулгаар өмнө нь дөрвөн удаа тайзнаа амилуулсан юм.
“Макбет” дуурь нь
эрх чөлөө, дарангуйлал, хүмүүсийн хоорондын нөхөрлөл хаана хүрээд дуусдаг вэ
зэрэг сэдвийг гүн гүнзгий хөндөн туурвиснаараа сонгодог урлагийн сан хөмрөг дэх
онцгой бүтээлийн нэгд зүй ёсоор бичигддэг. Бусад дууриас ялгаатай нь хайр
дурлалын түүх агуулаагүй гэдгээрээ өвөрмөц бүтээл болсон. Тус дуурийн үйл явдал
XI зуунд Шотландад өрнөдөг. Цэргийн алдартай жанжин Макбет эрх мэдэлд улайран
шунасан эхнэрийнхээ нөлөөгөөр өөрийн толгойгүй мэт харалган авирласаар, улс
орон, ард түмнийхээ дайсан болж, улмаар амь насаа алддаг талаарх эмгэнэлт
явдлын тухай өгүүлнэ.