Монголчуудын үсэг бичиг, утга соёлын товчоон номын гутгаар хэвлэл уншигчдын хүртээл боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ц.Шагдарсүрэнгийн “Монголчуудын үсэг бичгийн товчоон”, “Монголчуудын утга соёлын товчоон” номын нээлт МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.
“Монголчуудын үсэг бичгийн товчоон” хэмээх бүтээлийг анх 1981 онд хэвлэж, II хэвлэл нь 2001 онд уншигчдын хүртээл болж байв. Тэгвэл өнөөдөр гурав дахь хэвлэл ийнхүү олны хүртээл болж байгаа юм. Уг хэвлэлд монгол туургатны хэрэглэж ирсэн бичгийг үсэг зүй болон нийгмийн эрх хэмжээний хүрээнд өмнөх эхэд ороогүй буюу харьцангуй сүүл үед тулгар олдсон баримт сурвалж, олон эрдэмтний судалгааны шинэ үр дүнг нэмж тусгажээ.
Харин “Монголчуудын утга соёлын товчоон”-ыг анх 1991 онд хэвлэж, 2003 онд II хэвлэл нь уншигчдын хүртээл болсон байна. Тэгвэл өнөөдөр нээлтээ хийсэн гуравдугаар хэвлэлд дэлхийн монгол судлалд ойртуулахыг эрмэлзсэн, Монголын төдийгүй гадаадын судлаачдын бичсэн ном зохиолыг хамруулахын сацуу сүүлд гарсан судалгааны үр дүнг багтаасан байна.
Номын нээлтэд МУИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, багш нар болон Ц.Шагдарсүрэн гавьяатын гэр бүл, номын садан нөхөд, үе үеийн шавь нар нь оролцсон байна.



