Казахстаны түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал энэ өдрүүдэд Астана хотноо үргэлжилж байна.
Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны харьяа Шинжлэх ухааны хорооны Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй харилцан ойлголцол, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.
Ингэснээр нүүдэлчдийн түүхийг судлах ажлыг эрчимжүүлэн ижил төстэй болон олон үеийн улс төр, нийгэм, соёлын харилцааны түүхийг тодруулах, хамтын бүтээл туурвих ажил эхлэхээр боллоо. Мөн Түрэг, Уйгурын түүхийг “Чингис хаан” үндэсний музейн сан хөмрөгт тулгуурлан судлах, музейн эрдэм шинжилгээний судлаачид Казахстаны нутаг дэвсгэрт буй түүх, соёлын дурсгалуудыг судлах боломж бүрдэж байна.
Тус хүрээлэн 1945 онд Алмата хотод байгуулагдсан, улсынхаа түүхийн шинжлэх ухааны судалгааны
толгой байгууллага юм. Энэхүү хүрээлэн нь Казахстаны түүх, казахуудын
угсаатны соёлын хөгжил, антропологи, эх сурвалж судлал болон бусад олон сэдвээр
шинжлэх ухааны суурь судалгаа хийдэг байна.