ТӨВ: "Аюулгүй байдлын элч" үйл ажиллагаанд 500 гаруй сурагч хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-17 20:59:21

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд "Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт" ХХК-иас “Аюулгүй байдлын элч” үйл ажиллагааг Зуунмод суманд зохион байгуулж, ахлах ангийн 500 гаруй сурагч хамрагдлаа.


Энэхүү үйл ажиллагаа нь сурагчдад аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна бодит нөхцөлд зөв шийдвэр гаргах, зөв үйлдэл хийх практик чадвар олгосон юм. Онол, дадлагыг хослуулсан энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн мэдээлэл түгээхээр хязгаарлагдахгүй, сурагчдад аюулгүй байдлыг эрхэмлэх хандлага, хариуцлагатай зан үйлийг төлөвшүүлэхэд үр дүнтэй нөлөө үзүүлснийг зохион байгуулагчид онцоллоо.


Мөн сурагчид өдөр тутмын орчинд үүсэж болзошгүй эрсдэлийг таньж илрүүлэх, аюулгүй зан үйлийг хэвшүүлэхийн ач холбогдлыг ойлгосноор гэнэтийн ослын үед анхны тусламж үзүүлэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх, техник, тоног төхөөрөмжтэй харьцах үеийн аюулгүй ажиллагааны талаарх мэдлэг, ойлголтоо бататгасан байна.


Түүнчлэн сурагчид нисэх буудлын үйл ажиллагаа болон төрөл бүрийн мэргэжлийн чиг үүрэгтэй танилцсанаар ирээдүйн мэргэжил сонголтын талаар шинэ мэдлэг, ойлголттой болж, өөрийн сонирхол, чиг баримжаагаа тодорхойлоход дөхөм болсон байна.

 


Related news