ХӨВСГӨЛ: Статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээн авах тогтолцоог нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Үндэсний Статистикийн Хорооноос 5 жил тутам зохион байгуулдаг “Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого”-ыг 2026 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
Энэхүү тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн явуулах бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч шаардлагатай нэмэлт асуултад хариулан өөрийн мэдээллийг баталгаажуулна.
Тооллогын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудаас статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээн авах тогтмол үйл ажиллагаатай системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр мэдээлэгч байгууллагууд орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэдээ, тайлангаа илгээх боломж бүрдэж, мэдээлэл хүргэх үйл явцын ачааллыг бууруулах давуу талтай.