УВС: Багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-17 13:30:07

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Улаангом Политехник коллеж аймгийн төв болон сумдын ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага болон ерөнхий боловсролын сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш нарын заах арга зүйн ур чадвар, ажлын туршлагыг харилцан солилцох, хичээлийн судалгаа хийх, шинэлэг арга зүйг нээн илрүүлэх, сургалтын чанар, үр дүнг хамтран хэлэлцэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Багш солилцооны хөтөлбөр”-ийг жил бүр хэрэгжүүлж, Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулиудтай тогтмол хамтран ажиллаж байна.


Тус хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 16-17-ны өдрүүдэд Улаангом сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн физикийн багш Т.Мөнхжаргал Улаангом политехник коллежид зочин багшаар уригдаж, Хэвлэлийн график дизайны 1-р ангийн сурагчдад хичээл зааж байна. Харин Улаангом политехник коллежийн физикийн багш С.Ууганбаяр Улаангом сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 10-р ангийн сурагчдад физикийн хичээл зааж байгаа юм. Тэрчлэн физикийн багш нар харилцан туршлага солилцож, заах арга зүй, ур чадвар, үр дүнгээ хэлэлцэнэ.



Related news