Авлигатай тэмцэж, энх тайван тогтоохыг Пап Лео уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЯУНДЕ, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /Reuters/. Пап Лео Камерунд айлчлах үеэрээ тус улсын засгийн газарт хандан авлигыг үндсээр нь устгаж, "мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн дур зоргоороо аашлах явдлыг" сөрөн зогсохыг уриалжээ. Тэрбээр 1982 оноос хойш тус улсыг удирдаж буй Ерөнхийлөгч Поль Бияатай уулзах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.
Мөн тус улсад олон мянган хүний аминд хүрч, олон жилийн турш үргэлжилж буй англи хэлт цөөнхийн эсрэг зэвсэгт халдлагыг зогсоохыг уриалжээ. "Энх тайван, шударга ёсыг тогтоохын тулд засаглалын нэр хүндийг гутааж, итгэлцлийг үгүй хийдэг авлигын гинжийг таслах ёстой" гэж Лео мэдэгдсэн байна.
"Үхэл хагацал, сүйрэл, дүрвэгсдийн зовлон зүдгүүрийг дагуулсан дайн дажнаас залхаж байна!" гэж тэрбээр хэллээ.
Улс орныг удирдах нь "иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд тэдний мэдлэг чадвар, оролцоог үнэлэх явдал юм" гэж Лео Камеруны Ерөнхийлөгч болон бусад удирдагчдад хандан хэлээд, "үндэсний аюулгүй байдлыг хангах нь тэргүүлэх чиглэл мөн боловч энэ нь хүний эрхийг дээдлэх зарчимд нийцсэн байх ёстой" гэжээ.