ХӨВСГӨЛ: Бяслаг, цагаан идээний үйлдвэрийн бүтээн байгуулалт 13 суманд үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 10 дугаар хуралдаанаар бяслаг, цагаан идээний үйлдвэрүүдийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, холбогдох асуудлуудыг хэлэлцлээ.
Тус аймгийн хэмжээнд 13 суманд бяслаг, цагаан идээний үйлдвэр байгуулах ажил хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс Тосонцэнгэл сумын үйлдвэр 100 хувь ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ боловсруулан зах зээлд нийлүүлж, үйл ажиллагаа нь жигдэрчээ. Харин бусад 12 суманд барилга угсралтын ажил 85-90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд ойрын хугацаанд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Үйлдвэрүүдийг хариуцан ажиллуулах хоршоодын хувьд эргэлтийн хөрөнгийн дутагдал тулгамдсан асуудал болж байгааг Бяслаг цагаан идээний үйлдвэрийн менежер С.Отгонбаяр хуралдаанаар онцлон дурдсан бөгөөд тус асуудлыг шийдвэрлэхэд аймгийн Засаг дарга дэмжлэг үзүүлэхээр болов.
Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахад бодит үр дүн гарах юм.


