УВС: Он гарсаар 300 гаруй мэс заслыг амжилттай хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-04-16 15:43:01

Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Он гарсаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон 300 гаруй мэс заслыг амжилттай хийжээ.


Тодруулбал, Мэс заслын тасгийн хамт олон элэг, ходоод, бүдүүн гэдэсний хавдар тайрах зэрэг хүнд хагалгааг 15 өвчтөнд амжилттай хийсэн бол Гэмтлийн тасгийн хамт олон Улаанбаатар хотын Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран өвдөгний үе солих хагалгааг 4 өвчтөнд хийжээ. Мөн эрүү, нүүрний гэмтэл, согог засах, нүд, чих, хамар, хоолойн мэс засал, мах авах, мухар олгой тайрах, осол, гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай мэс засал хийх зэрэг олон төрлийн хагалгааг амжилттай гүйцэтгэж, нийт 300 гаруй мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн шинэ барилгыг өнгөрсөн сард ашиглалтад оруулжээ. Мэс заслын тасаг шинэ байранд шилжин байрлаж, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, бүрэн тохижилттой өрөө, тасалгаагаар хангагдсанаар эмч, ажилтнууд мэс засал болон гэмтлийн хагалгааг аюулгүй, үр дүнтэй гүйцэтгэх таатай нөхцөл бүрдсэн байна.

Related news