ХӨВСГӨЛ: Дэлгэрхаан уулыг аймгийн тахилгат уул болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-15 13:46:37

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар Улаан-Уул сумын нутаг дэвсгэрт оршдог Дэлгэрхаан уулыг аймгийн тахилгат уул болгох асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталлаа.


Дэлгэрхаан уулыг аймгийн тахилгат уул болгосноор байгаль хамгаалал, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, уламжлалт зан заншлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Л.Батцэцэг ярилаа.


Тус аймгийн Улаан-Уул сумын төвөөс зүүн тийш 28 км зайд сүндэрлэх Дэлгэрхаан уул 3095 метр өндөр юм. Хорьдол Сарьдагийн нурууны салбар уулсаас эх авсан хамгийн өндөр ноён оргил юм. Дэлгэрхаан уулын хормойн хэсэг нь битүү ой модоор хүрээлэгдсэн бөгөөд дундах хэсгээсээ эхлэн эгц цавчим хад асга үргэлжилнэ. Харин дээшлэх тусам нарийссаар оргил нь цас, мөсөөр хучигдан үүлэнд умбах мэт сүрлэг дүр төрхийг бүрдүүлдэг.


Дэлгэрхаан уул болон түүний ойр орчин нь байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд сүүлийн үед аялагчид зорин очиж, зургаа авахуулах нь нэмэгджээ.


Тус уул нь 20 километрийн алсаас ч сүрлэг харагддаг бөгөөд 1958 онд Хөвсгөл аймгийн уулчид анх авирсан байна. Үүний дараа 1968 онд Монгол-Чехословакийн хамтарсан уулчдын баг, 1998 онд Монгол-Японы уулчдын баг тус ууланд авирч байжээ.

Related news