ХӨВСГӨЛ: Халдварт болон зоонозын өвчнийг хянах төслийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-14 16:16:10

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр, FHI 360 байгууллагатай хамтран “Халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх - EpiC II” төсөл хэрэгжиж эхэллээ.


Төслийн нээлт, танилцуулах уулзалтад FHI 360 олон улсын байгууллагын зөвлөх Н.Энхтүвшин, ДЗМОУБ-ын “EpiC II” төслийн менежер Д.Болатбек, зөвлөх Б.Сувд, С.Дивангар, мэргэжилтэн С.Батбаяр нар оролцож, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар болон салбар байгууллагын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдийн 30 гаруй төлөөлөлд төслийн зорилго, үйл ажиллагааг танилцууллаа.


Тус төсөл нь халдварт болон зоонозын өвчний эрсдэлийг бууруулах, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшний бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахад чиглэж байна.


Төслийн баг орон нутагт ажиллах үеэр аймгийн Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төслийг орон нутагт хэрэгжүүлэх байгууллагын суурь, сургалтын материаллаг орчныг бүрдүүлэх талаар санал солилцжээ.


Мөн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэрэгжүүлэх эрсдэлийн харилцаа холбооны багийг орон нутагт байгуулах талаар зөвшилцөж, аймгийн Засаг даргын захирамжаар тус багийн бүрэлдэхүүнийг баталлаа.


Төслийг хэрэгжүүлснээр Хөвсгөл аймагт халдварт болон зоонозын өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадавх нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо илүү бэхжих ач холбогдолтой юм.

Төслийг 6 сарын хугацаанд хэрэгжүүлнэ.




 

Related news