ХӨВСГӨЛ: Олимпиадад оролцогчид дэлхийн өвийн дурсгалтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-14 15:46:31

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт болсон түүхийн XXVIII улсын олимпиадын нэг онцлог нь хоймор нутгийн түүх соёлыг сурталчлан таниулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой байлаа.


Энэ хүрээнд олимпиадын тугийг аймгийнхаа 23 сум, 1 тосгонд аялуулж түүх соёлоо сурталчилсан юм.


Мөн олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс оролцож байгаа 160 орчим багш, сурагч ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Уушгийн өврийн буган чулуун хөшөөтэй танилцлаа.


Оролцогчдод ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан Уушгийн өврийн буган хөшөөний цогцолборт хийсэн 20 гаруй жилийн судалгааны үр дүнг танилцууллаа.


Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан уушги уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолборт нэг дор 30 орчим буган хөшөө бий.


Эдгээр хөшөө нь хойноос урагш цуварсан байрлалтай бөгөөд тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагирган хэлбэрийн чулуун дараастай олон тахилгын байгууламж байдаг.


Энэхүү дурсгал нь Евроазийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг байна.


2023 онд Саудын Арабын Хаант Улсад болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн.


Үүний дотор Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушигийн өврийн буган чулуун хөшөө бүхий цогцолбор дурсгалт газар багтсан билээ. 






 

Related news