ХӨВСГӨЛ: Даль цэцгийн баярыг 15 дахь жилдээ тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Даль цэцгийн баяр” 15 дахь жилдээ 5 дугаар сарын 10-нд болно.
Даль цэцгийн баярыг зорин ирэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа тул орон нутаг тодорхой хэмжээний бэлтгэл хангаж, уг баярыг аймгийн хэмжээнд хаврын улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх уламжлалт баяр болгон өргөжүүлж байна.
Энэ үеэр аялагч иргэд даль цэцэгт суухын зэрэгцээ элсний волейболын тэмцээн, АХА, дууны тэмцээн зэрэг олон хөгжөөнт тэмцээн, наадамд оролцон, эрүүл агаарт амарч, алжаал ядаргаагаа тайлах боломжтой юм.
Өнгөрсөн жил даль цэцгийн баярыг 7000 орчим иргэн зорин иржээ. Энэ үеэр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон малчдын бэлтгэсэн цагаан идээний үзэсгэлэн худалдаа хамгийн эрэлттэй байсан бөгөөд борлуулалт ч сайн байсан юм.
Даль цэцгийн баярын үеэр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид болон малчдын бэлтгэсэн цагаан идээний үзэсгэлэн худалдаа болно. Монгол оронд хавар хамгийн түрүүнд цэцэглэдэг таван зүйлийн нэг нь далийн ягаан цэцэг юм.
Тус цэцэг нь хүний бие махбодыг тайвшруулах, ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах тустай. Өөрөөр хэлбэл, багахан хугацаанд байгалийн хүчтэй бясалгалд суусантай адил бөгөөд удаан суух, тэр дундаа унтахгүй байхыг анхааруулдаг байна.
