ХӨВСГӨЛ: Түүхийн XXVIII улсын олимпиадад нийслэлийн багш, сурагчид тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-14 13:51:48

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Түүхийн XXVIII олимпиадыг Хөвсгөл аймагт амжилттай зохион байгууллаа.


Тус олимпиад нь ирээдүйн судлаач, багш, түүхчдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой бөгөөд үндэсний бахархал, түүх соёлоо дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдгийг Улсын олимпиад зохион байгуулах дэд хорооны гишүүн Ц.Баасандорж онцолж байв.


Олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 40 багш, 12 дугаар ангийн 40 сурагч, 9 дүгээр ангийн 53 сурагч оролцлоо.


Түүхийн XXVIII улсын олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарт Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар 47 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. Тодруулбал, 9-12 дугаар ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлсэн сурагч тус бүрд 1 сая төгрөг, дэд байрт 600 мянган төгрөг, гуравдугаар байрт 400 мянган төгрөгийн шагнал олголоо. Мөн сурагчдыг бэлтгэсэн багш нарыг урамшуулж, 1 дүгээр байрыг 500 мянга, 2 дугаар байрыг 300 мянга, 3 дугаар байрыг 200 мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.


Багшийн ангилалд 1 дүгээр байрт 1.5 сая төгрөг, 2 дугаар байрт 1 сая төгрөг, 3 дугаар байрт 800 мянган төгрөг, тусгай байрт 500 мянган төгрөгийн шагнал тус тус олгож урамшуулсан юм.


9 дүгээр ангийн сурагчдын ангилалд Улаанбаатар хотын 115 дугаар сургуулийн 9д ангийн сурагч Э.Сэндэр тэргүүн байр эзэлсэн бол 12 дугаар ангийн сурагчдын ангилалд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Мэргэд” сургуулийн сурагч Л.Доржсүрэн тэргүүн байр, багш нарын ангилалд Улаанбаатар хотын 1 дүгээр сургуулийн багш Б.Анхбаяр тэргүүн байрт тус тус шалгарлаа.

 

Related news