Жотойн Гэлэгийн удмын бахархал Дархан аварга Н.Батсуурь
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Увс аймаг байгуулагдсаны 101 жилийн ойн хүрээнд аймгийн музейн хамт олон сан хөмрөгтөө хадгалж буй түүхэн гэрэл зургуудыг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд сурталчилж байна.
Энэ удаад Монгол Улсын начин Жотойн Гэлэгийн хөрөг зургийг онцолсон байна. Тэрбээр 1921 онд Увс аймгийн Ховд сумын Ачит багийн Хар ус хэмээх газар төржээ. Хүүхэд наснаасаа эцэг эхдээ туслан мал маллаж байгаад цэргийн албанд татагдан Дорнод аймгийн Тамсагийн дивизэд алба хаасан байна. Цэргийн алба хааж байх хугацаандаа Дорнод аймгийн бүх ард түмний спартакиадын тойргийн барилдаанд амжилттай оролцож, аймгийн заан цол хүртжээ.

Цэргээс халагдаж ирээд сумандаа урлаг, соёл хариуцсан ажилтан, багийн дарга, Худалдаа бэлтгэл ангийн дарга зэрэг албыг хашжээ. 1945 онд Ардын хувьсгалын 24 жилийн ойн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн байна.
1946 онд улсын наадамд барилдаж, дөрвийн даваанд Б.Түвдэндорж аваргад өвдөг шорооджээ.
1947 онд улсын начин Д.Цэдэнбалжирыг давж, Увс аймгийн наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн бөгөөд 1948, 1949 онд дараалан түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртсэн байна.
1950 онд Ардын хувьсгалын 29 жилийн ойн баяр наадамд дөрвийн даваанд улсын заан Б.Балбарыг, тавын даваанд дархан аварга Ш.Батсуурийг тойгдох мэхээр давж, “Өсөх идэр” чимэгтэй улсын начин цол хүртжээ.
Тэрбээр Увс аймгийн наадамд дөрвөн удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн бол Ховд аймгийн наадамд нэг удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэж, Баян-Өлгий аймгийн наадамд нэг удаа үзүүрлэсэн байна. Тэрээр 1996 онд таалал төгсжээ.
Түүний хоёр хүү нь мөн улсын цолтой бөхчүүд бөгөөд улсын начин, дэд доктор Г.Даваасамбуу, улсын харцага Г.Намсрайжав нар юм. Мөн бага хүү Г.Дансран нь аймгийн заан цолтой бол ач хүү Н.Батсуурь нь Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин юм.
Ж.Гэлэг агсны гэрэлт хөшөөг түүний үр хүүхэд, ач зээ нар төрөлх Ховд суманд нь 2024 онд босгосон юм.
