ХӨВСГӨЛ: “Гайхам сайхан Галт нутаг” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод түүхийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадварыг түгээн дэлгэрүүлэх, сурагчид болон багш нарын судалгаа, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой түүхийн улсын 28 дугаар олимпиад хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр Галт сумын түүх, нийгмийн ухааны багш Э.Даваа-Очир “Гайхам сайхан Галт нутаг” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж орон нутгаа сурталчилж байна.
Э.Даваа-Очир Галт суманд 10 гаруй жил багшилж, чөлөөт цагаараа нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газруудаар аялж гэрэл зураг авах дуртай нэгэн. Энэ удаагийн олимпиадад орж буй багш, сурагчдад нутгийнхаа түүхэн дурсгалт газруудын гэрэл зургийг үзэсгэлэндээ дэлгэн үзүүлж байна.
Олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс оролцож байгаа бөгөөд багшийн ангилалд 40, 12 дугаар ангийн сурагчдын ангилалд 40, 9 дүгээр ангийн сурагчдын ангилалд 53, нийт 133 оролцогч мэдлэг, чадвараа сорин өрсөлдөж байна.
Оролцогчид онолын мэдлэгээс гадна
дүн шинжилгээ хийх, эх сурвалжтай ажиллах, түүхэн сэтгэлгээг хөгжүүлэх
чиглэлээр өрсөлдөж байна.




