ТӨВ: "Нарны алхалт" аянд идэвхтэй нэгдэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-09 18:03:35

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нарны алхалт” аяныг дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс Төв аймагт эхлүүлсэн. Энэхүү аяны талаар Төв аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Д.Алтанхуягаас тодрууллаа.


-Аян эхэлснээс хойш иргэд хэр идэвхтэй оролцож байна вэ?

-“Нарны алхалт” аяны зорилго нь иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэх юм. Иргэд маш сайн алхдаг болсон байна. Анх ахмадууд, хүүхдүүд алхдаг байсан бол одоо залуус ч мөн адил алхалтад нэгдэж байна.


-Аян ямар байдлаар үргэлжилж байна вэ?

-“Нарны алхалт” Хөтөл, Манзушир, Самдан баатрын хөшөөний зам дагуу үргэлжилж байна. Эдгээр маршрутад иргэдэд яаралтай эрүүл мэндийн асуудал гарвал тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Өдөрт 30 минут идэвхтэй алхахад л хангалттай гэж үздэг. Алхах нь өвчний 90 хувьд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд хамгийн энгийн атлаа хүчирхэг эмчилгээ юм. Өдөр бүр алхаж хэвшсэнээр бие чийрэгжин, сэтгэл тайвширч, амьдралын эрч хүч нэмэгддэг.

Алхах нь таны эрүүл мэндэд хөрөнгө оруулалт юм. Иргэн бүрийг “Нарны алхалт” аянд нэгдэхийг уриалж байна.

 

Related news