ХӨВСГӨЛ: Хойд бүсийн хүүхдийн болон нярайн эмч нар ур чадвараа дээшлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын ивээл дор хойд бүсийн нярай хүүхдийн эмч нарт зориулсан “Хүүхдийн эрчимт эмчилгээ-2026” сэдэвт сургалт Мөрөн суманд өнөөдөр эхэллээ.
Тус сургалт нь хүүхдийн өвчний цогц менежмент, эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж, нярайн эрт үеийн тусламж, амь тэнссэн хүүхдэд үзүүлэх үйлчилгээ болон зонхилон тохиолддог асуудлуудыг эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сэргээн бэхжүүлэх замаар хүүхдийн эрүүл мэндийн тусламжийг сайжруулах, нас баралтыг бууруулахыг гол зорилгоо болгожээ.
Энэ удаагийн сургалт оролцогчдын мэдлэг, ур чадварыг сайжруулж, орон нутагт нь сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой бөгөөд онол, арга зүй болон практик мэдлэг хослуулан явуулж байна. Сургалтад Орхон аймгаас 17, Булган аймгаас 36, Хөвсгөл аймгаас 150 нийт 200 орчим эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, нярай, хүүхдийн эмч, багийн эмч нар оролцож байгаа бөгөөд сургалт 3 өдөр үргэлжилнэ.
Энэхүү сургалтын үр дүнд нярай болон хүүхдийн эмч нарын мэдлэг, ур чадвар дээшилж, эх, хүүхэд, нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр ярилаа.

