ХӨВСГӨЛ: Түүхийн улсын 28 дугаар олимпиад эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод түүхийн улсын 28 дугаар олимпиад өнөөдөр эхэллээ.
Тус олимпиад нь түүхийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадварыг түгээн дэлгэрүүлэх, сурагчид болон багш нарын судалгаа, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм.
Олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс оролцогчид хүрэлцэн ирсэн бөгөөд багшийн ангилалд 40, 12 дугаар ангийн сурагчдын ангилалд 40, 9 дүгээр ангийн сурагчдын ангилалд 53, нийт 133 оролцогч мэдлэг, чадвараа сорин өрсөлдөж байна. Оролцогчид онолын мэдлэгээс гадна дүн шинжилгээ хийх, эх сурвалжтай ажиллах, түүхэн сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр өрсөлдөх юм.
Түүхийн улсын олимпиад нь ирээдүйн судлаач, багш, түүхчдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой бөгөөд үндэсний бахархал, түүх соёлоо дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.


