Лонг-Айлендын уран барилгач хэргээ хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-09 11:16:23

НЬЮ-ЙОРК, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /Reuters/. АНУ-ын Лонг-Айленд арлын уран барилгач Рекс Хойерман 1990-ээд оноос хойш найман эмэгтэйн аминд хүрсэн гэдгээ лхагва гарагт шүүх хурлын үеэр хүлээжээ. Ингэснээр олон жилийн турш мухардаад байсан цуврал аллагын хэрэг эцэслэгдэж байна.


Суффолк тойргийн Прокурорын газраас мэдэгдсэнээр, өдгөө 62 настай Р.Хойерман Нью-Йорк муж улсын Риверхед хотод болсон шүүх хурлын үеэр ихэвчлэн 20 орчим настай байсан эмэгтэйчүүдийг боомилж хөнөөсөн, заримынх нь цогцсыг хэсэглэн хувааж, шуудайд хийн хаясан гэдгээ хэлжээ.


Түүнийг 1993-2010 оны хооронд үйлдэгдсэн долоон удаагийн аллагын хэрэгт буруутган, шүүх хурлыг нь ирэх намар товлоод байжээ. Харин лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр тэрбээр өмнө нь яллах дүгнэлтэд тусгагдаагүй байсан найм дахь аллагын хэргээ хүлээсэн байна. 


Прокуроруудын мэдээлснээр, ирэх зургаадугаар сард болох шүүх хурлын үеэр түүнд хугацаанаас өмнө суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял оноох төлөвтэй байна. 


"Гилго Бичийн аллага" гэж нэрлэгдсэн уг хэрэг 2010-2011 онд Нью-Йорк хотоос зүүн зүгт 48 км-ийн зайд орших Гилго эргийн алслагдсан бүсээс олон тооны цогцос олдсоноор АНУ даяар олны анхаарлыг татаж байсан юм. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа удаан хугацаанд үргэлжилсний эцэст ДНХ-ийн шинжилгээний тусламжтайгаар Р.Хойерманыг 2023 онд баривчилжээ.

Related news