ТӨВ: Үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрт нэгдэн, ажлын байр бий болгож байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төв аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, Зуунмод цэргийн хүрээний хүндэт харуул угтан авлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн байдал, санаачилсан хуулийн төслүүдийн талаар танилцуулав.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авсан. Ингэснээр гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэж, төмс, хүнсний ногоо, үр тариа, малын тэжээлийн хэрэгцээг өөрсдөө бүрэн хангаж байна.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 5 үйлдвэр, 26 цех ашиглалтад орж, Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 192 тэрбум төгрөг давсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар өсжээ.
Төв аймаг “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулах амлалт авсан. Төлөвлөгөөний дагуу төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар мод тарьж ургуулан, тохижилт, ногоон байгууламж бий болгож байгааг тэмдэглэв.
Аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, иргэд “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрт нэгдэн, ажлын байр бий болгож, орон нутаг, улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.