ХӨВСГӨЛ: Төл бойжилт 96.6 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд мал төллөж малчны хотонд төлийн дуу цангинаж байна.
Энэ хавар 2 сая мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 130 мянган мал төллөж, 129 мянган төл хүлээн авсан байна.
Өнгөрсөн өвөл дулаахан, өвөлжилт өнтэй байсан тул эх мал шимтэй төллөж аймгийн хэмжээнд төл бойжилт 96.6 хувьтай байна гэдгийг ХХААГ-ын дарга Б.Бямбасүрэн ярилаа.
Тус аймгийн 23 сум 1 тосгоны 20069 малчин өрхөд адуу 402.4 мянган толгой, үхэр 669.4 мянган толгой, тэмээ 2.4 мянган толгой, хонь 2.3 сая толгой, ямаа 1.9 сая толгой нийт 5.3 сая мал тоолуулсан.
Малын төрлөөр авч үзвэл 2.4 мянган тэмээ, 402.9 мянган адуу, 669.8 мянган үхэр, 2.2 сая хонь, 1.9 сая ямаа тоолуулсан байна.
Өмнөх оныхтой харьцуулахад адуу 7.2 хувь, үхэр 6.7 хувь, ямаа 84.6 хувиар тус тус өсөж тэмээ 2 хувь, хонь 0.2 хувиар тус тус цөөрсөн байна.
Малтай өрхийн тоо 22.2 мянга болж өмнөх оноос 2.6 хувиар буурчээ. Тус аймагт 34.6 мянган малчид бүртгэгдсэнээс 18.8 мянга 54.3 хувь нь эрэгтэй, 45.7 хувь нь эмэгтэй малчид байна.
