ХӨВСГӨЛ: Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиож байна.
Хөвсгөл аймгийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв өнөөдөр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг дадал болгох зорилгоор эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна.
Ясны сийрэгжилтийг эрт илрүүлэх шинжилгээ, биеийн жингийн индекс тодорхойлох, цусны даралт хэмжих, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийж, сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.
Энэ жил дэлхийн эрүүл мэндийн өдрийг "Эрүүл мэндийн төлөө хамтдаа Шинжлэх ухааны талд зогсъё" уриан дор тэмдэглэж байна.
Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл
хооллож, дасгал хөдөлгөөн хийж, хорт зуршлаас татгалзахыг Хөвсгөл аймгийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих
төвийн дарга Г.Баярмаа уриаллаа.