ХӨВСГӨЛ: Ноолуур килограмм нь 180-182 мянган төгрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-06 17:51:05

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт нэг килограмм ноолуурын үнэ өнөөдрийн байдлаар 180-182 мянган төгрөг байна. Худалдан авч буй иргэдийн мэдээлснээр, ноолуурын үнэ тус аймагт 175 мянгаас эхэлсэн бөгөөд цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.


Тус аймгийн малчид жилд 600-700 тонн ноолуур бэлтгэн нийлүүлдэг бөгөөд энэ жил дулаан өвөл болсон учраас ноолуурын чанар сайжирсан гэж онцолж байна.  


Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд өсгөн үржүүлж буй эрчим омгийн ямаа нь ноолуурын чанараараа бусад аймгаас давуу талтай байдаг бөгөөд үүнээс шалтгаалан үнэ өндөр байдаг.


Эрчим омгийн ямаа нь манай орны өндөр уул, ойт хээрийн бүсийн нөхцөлд бэлчээрээр маллахад зохицсон сахлаг хар хүрэн өнгийн хялгастай, бараан саарал, цайвар саарал өнгийн ноолууртай.


Гэдэс хөлийн ноолуур хангалттай, хялгас ноолуураа давж ургасан байдаг бөгөөд бусад үүлдэр, омгийн ямаатай харьцуулахад 1.8-5.9 килограммаар илүү жинтэй, амьдрах чадвар сайн, урт ноолууртайгаараа онцлогтой байна.

 

 

Related news