“Төв математик-2026” олимпиадын хоёрын даваа эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор “Төв математик-2026” олимпиадын II давааг Баянчандмань суманд зохион байгуулж байна. Төв аймаг масс сургалтыг дэмжих бодлогын хүрээнд олимпиадын зохион байгуулалтад шинэчлэл хийж, хоёр үе шаттай болгон өргөжүүлжээ.
Энэ жилийн олимпиадын I даваанд аймгийн хэмжээнд 31 сургуулийн 2-12 дугаар ангийн 648 бүлгийн 18.421 сурагч оролцжээ. Эдгээрээс мэргэжлийн ур чадвар, заах арга зүйгээрээ манлайлсан 33 бүлэг, тэднийг бэлтгэсэн 33 багшийг шалгаруулж, өнөөдрийн олимпиадын II даваанд 85 хувиас дээш гүйцэтгэлтэй сурагчид оролцож байна.
Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, “Төв математик” олимпиад нь зөвхөн шилдэг сурагчдыг тодруулах бус, хүүхэд бүрийг математикт дурлуулж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, багш нарын заах арга зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой. Жил ирэх бүр цар хүрээ нь өргөжин тэлсээр байна гэв.
