Төв аймагт анх удаа боловсролын үзэсгэлэн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-06 17:56:57

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Төв аймаг 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, салбарын чанар, хүртээмжийг сайжруулахад анхааран ажиллаж байна. Үүний хүрээнд “Боловсрол экспо-2026” олон улсын үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 5-нд Монгол туургатан театрт зохион байгууллаа.


Экспод Төв аймгийн 27 сумын 9-12 дугаар ангийн 2000 орчим суралцагч эцэг эх, багш нарын хамт оролцож Монгол Улс, ОХУ, БНСУ, БНХАУ, Япон, Филиппин улсын 60 гаруй их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагуудын мэдээлэлтэй танилцлаа.


Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, "Энэхүү үйл ажиллагаа нь суралцагчдад боловсролын чиг баримжаа олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэн, багш, эцэг эхчүүдэд бодит мэдээлэл хүргэж байна. Мөн төрийн байгууллага, дотоод, гадаадын их, дээд сургууль, олон улсын боловсролын байгууллага, боловсролын зуучлалын төвүүд, мэргэжлийн боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад баяртай байна.

Цаашид хүүхэд, залуусыг мэргэжлээ сонгох их үйлсэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулах шаардлагатай юм байна" хэмээн онцлов.


Зуунмод сумын 2 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч О.Тэмүүлэн “Би төгсөх анги биш ч надад ямар боломж байгааг цаг алдалгүй мэдэхийг хүссэн. Анагаах ухаанаар мэргэжил эзэмших бодолтой, олон тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, анхаарах зүйлсээ сайн судалсан, үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо” гэв.

 



Related news