ХӨВСГӨЛ: Яаралтай түргэн тусламжийн жолооч нар онол, дадлага хосолсон сургалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны “Иргэн-цэргийн харилцааны дэмжлэгийн бүлэг” болон аймгийн Замын цагдаагийн тасагтай хамтран Хөвсгөл аймгийн сумдын өрх, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн жолооч нарыг чадваржуулах сургалтад хамрууллаа.
Хөдөө орон нутагт алсын дуудлагад явахад жолоочийн үүрэг маш чухал. Иймээс эмчтэй зэрэгцээд жолооч нарыг сургах нь өндөр ач холбогдолтой учраас анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулж байна гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр ярилаа.
Сургалтаар эмнэлгийн халдварын сэргийлэлт, хяналт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадамж, алсын түргэн тусламжийн бэлэн байдал, авто машины техникийн бэлэн байдал, үйлчлүүлэгчийн аюулгүй тээвэрлэлт, авто машин дахь эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт аюулгүй ажиллагаа, осол гэмтлийн үеийн тээвэрлэлт зэргээр онолын болон дадлага сургуулилалт хосолсон сургалтыг хийжээ.

