Б.Тунгалаг: Их зохиолч Д.Нацагдоржийн гэрийн буурийг сэргээн засварлаж орчныг тохижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-03 15:25:25

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан зохион байгуулах ажлуудын талаар аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга, ажлын хэсгийн нарийн бичиг Б.Тунгалагтай ярилцлаа.

 

-Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг угтан түүний гэрийн буурийг сэргээн засварлах ажил яригдаж байна. Энэ хүрээнд үл хөдлөх түүх, соёлын дурсгалуудыг хамгаалах, сэргээх чиглэлээр ямар ажлуудыг төлөвлөсөн бэ?

-Бид аймгийн ИТХ-аар их зохиолч Д.Нацагдоржийн гэрийн буурийг хэлэлцүүлж, аймгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулахаар төлөвлөж байна. Тус гэрийн буурийг сэргээн засварлаж, зураг төслийн дагуу орчны тохижилтыг хийж, гэрэлт хөшөө шинээр босгохоор төлөвлөж байна.


-Ойн хүрээнд зохион байгуулах бусад ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Д.Нацагдоржийн бүтээлүүдийг сурталчлах зорилгоор “Хэн сайн унших вэ?” уран уншигчийн, “Хэн сайн мэдэх вэ?” гар зургийн болон уран бичлэгийн уралдаануудыг зохион байгуулна.

Мөн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Зохиол амилсан нь” дүрийн тоглолт, “Миний хэнз хурга” хүүхдийн уран бүтээлийн уралдаан зохион байгуулж, Төв аймгаас төрөн гарсан яруу найрагч, зохиолчдын уулзалтыг 27 суманд хийнэ. Түүнчлэн “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах VIII улсын уралдааныг зохион байгуулахаар тус тус төлөвлөөд байна.

Д.Нацагдоржийн нэрэмжит “Хүрэл тулга-2026” өсвөрийн яруу найрагчдын наадмыг гуравдугаар сард амжилттай зохион байгуулсан. 


-Их зохиолчийн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах хүрээнд ямар ажлууд зохион байгуулах вэ?

-Хүндэтгэлийн концерт, баярын хурал, аймгийн баяр наадмын нээлт, хаалтын концертыг шинээр найруулан тавих, мөн Монгол туургатан театраас “Учиртай гурван толгой” дуурийг шинэчилж үзэгчдэд толилуулах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Д.Нацагдорж сантай хамтран “Их зохиолч Д.Нацагдорж-120” үзэсгэлэнг музейн түр танхимд дэглэн олон нийтэд толилуулна.

Чингис хаан Үндэсний музейтэй хамтран “Хаадын зам” төслийн хүрээнд Баяндэлгэр сумын Гүн Галуутай дахь Дашдоржийн Нацагдоржийн төрсөн гэрийн буурин дээр “Миний нутаг” яруу найргийн өдөрлөг зохион байгуулах, мөн “Шувуун саарал” наадмыг Баяндэлгэр суманд зохион байгуулахаар төлөвлөөд байна.


-Ном, хэвлэл, эмхэтгэл, түүхэн эх сурвалж бэлтгэх чиглэлээр ямар ажлуудыг төлөвлөсөн бэ?

-“Д.Нацагдорж-120” зохиолч, яруу найрагчдын “Миний нутаг” яруу найргийн наадмыг зохион байгуулж, Төв аймгаас төрөн гарсан зохиолчдын шүлэг, яруу найргийн бүтээлээр “Төв сайхан нутаг” эмхэтгэл гаргана.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал, Д.Нацагдоржийн зохиолын бүтээлийн эмхэтгэл, судалгааны бүтээлийг хэвлэх, Н.Мажигсүрэн багшийн “Их зохиолч бидний бахархал” намтарчилсан эмхэтгэл хэвлэх ажлууд бий.

Мөн ХБНГУ-ын Берлин хотноо “Д.Нацагдорж-120” олон улсын эрдэм шинжилгээний хуралд 3 хүн оролцуулахаар төлөвлөсөн.


-Сүүлийн үед хүүхэд, залуус мэдээ, мэдээлэл, ном, сурах бичгийг цахимаар хүлээж авах нь их болсон. Энэ цаг үед хүүхэд, залууст ямар байдлаар мэдээ, мэдээллээ хүргэхээр төлөвлөж байгаа вэ?

-Утга зохиол сонирхогч хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, уран зохиол, ном бүтээл унших сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор “Уншигч-зохиолчдын уулзалт” зохион байгуулна.

Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, үйл хэрэг, уран бүтээлийг хэвлэл мэдээлэл, цахим контент, бичлэгээр бэлтгэн олон нийтэд цувралаар сурталчилна. Мөн “Д.Нацагдорж амилсан нь” AI контентыг ашиглан уншлагын танхимаар үйлчлүүлж буй хүүхэд, багачуудад их зохиолчийн намтар, уран бүтээлийг таниулан сурталчлах нөлөөллийн ажил зохион байгуулна.

Аймгийн ЕБС-ийн дунд ангийн сурагчдын дунд их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг”шүлгийг анги нийтээрээ уран унших уриалга өрнүүлж, “Их зохиолч Д.Нацагдоржийн намтар, уран бүтээл-Онцлох уран бүтээл” сэдэвт контент бүтээх уралдааныг ЕБС-ийн багш, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж, шалгарсан контентуудыг ЕБС-ийн бүх ангийн сурагчдад үзүүлнэ.


Түүнчлэн их зохиолчийн “Од” шүлгийн хөшөөг аймгийн Нийтийн номын сангийн өмнөх талбайд иргэд, олон нийтийн хандиваар барьж босгохоор төлөвлөөд байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Related news