ТӨВ: Эцэг, эхчүүдэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг тогтмолжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран "Эцэг, эхийн хурал"-ыг Төв аймагт өнөөдөр зохион байгуулж байна.
Хуралд аймгийн удирдлага, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, удирдлага, эцэг эхийн зөвлөлийн бүрэлдэхүүн, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл зэрэг хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид оролцож байна.
Энэ хурлаар хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, хүмүүжил төлөвшилд нөлөөлөх асуудлаар эцэг эх, асран хамгаалагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, санал бодлоо солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх замаар тэдний оролцоо, чадавхыг бэхжүүлэхийг зорьж байна.
Хурлаар хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Баярсайхан “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвээр, Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч н.Эрдэнэтулга “Хүүхдийн эрх ба хууль", Гэр бүл судлаач Ч.Амартунгалаг “Монгол гэр бүлийн эрхэм нандин өв” сэдвээр илтгэл тавилаа.
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Энэхүү үйл ажиллагаагаар аймгийн удирдлагууд Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүний хувиар ХГБХХГ болон Цагдаагийн газар, Боловсролын газартай хамтран бүх сум, багийнхаа эцэг, эхчүүдэд хүрч, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллана гэв.
