Эйфелийн цамхгийн хэсгийг дуудлага худалдаанд тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2026-04-02 15:52:02

ПАРИС, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kazinform/. Эйфелийн цамхгийн 2.5 метр өндөр ховорхон хэсгийг саяхан сэргээн засварлаж, дуудлага худалдаанд тавьжээ. 


1889 онд Парис хотноо Францын нэрт инженер Гюстав Эйфелийн удирдлага дор барьсан уг цамхгийн анхны мушгиа шатны нэг хэсгийг үнэ хаялцуулах юм. Энэхүү хэсэг нь нэгэн цагт цамхгийн хоёр, гуравдугаар давхрыг холбодог байсан бөгөөд Францын гол бэлгэдэл болсон уг байгууламжийн анхны зочид үүгээр өгсөж байжээ.


Уг мушгиа шатыг 40-50 мянган еврогоор үнэлж байгаа ба 14 төмөр гишгүүртэй ажээ. Энэхүү шатыг 1983 онд буулгаж, 24 хэсэгт хуваасан байна. Өнөөдөр эдгээр хэсгүүд дэлхийн өнцөг булан бүрд музей болон хувийн цуглуулгад хадгалагдаж байгаа юм.


Одоогоор 14 метр урттай нэг хэсэг нь цамхгийн нэгдүгээр давхарт байгаа бол бусад хэсгүүдийг Парис хотын Д’Орсе музей, Ла-Виллетт болон Төмрийн музейд үзэх боломжтой. Үлдсэн 20 хэсгийг аль хэдийн худалдсан бөгөөд одоо Диснейлэндээс эхлээд Японы Яманаши мужийн цэцэрлэгт хүрээлэн хүртэл дэлхий өнцөг булан бүрд байгаа ажээ. 


Дуудлага худалдаанд тавьсан 2.5 метр өндөртэй энэхүү ховор хэсэг нь хувийн цуглуулгад 40 гаруй жил байсны эцэст саяхан сэргээн засварлаж, анхны бор өнгийг нь сэргээжээ.

Related news