Улсын Онцгой Комиссын “Шуурхай бүлэг-1” Дарханд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-29 21:33:38

Улсын Онцгой Комиссын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тушаалаар улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах үүрэг бүхий “Шуурхай бүлэг 1”, “Шуурхай бүлэг 2”-ыг байгуулсан. Баруун болон Төвийн бүсийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах “Шуурхай бүлэг 1” буюу Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, Онцгой байдлын хурандаа М.Энх-Амар тэргүүтэй ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллав.

Уг шуурхай бүлэг нь Засгийн газрын “2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 322 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2016 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай ” 02 дугаар тоот албан даалгавар, Улсын онцгой комиссын 2016 оны 01 дүгээр хурлын тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн хэмжээг шалгах болон бусад цаг үеийн ажлуудтай газар дээр нь танилцаж заавар зөвлөгөө өгөх зорилгоор ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд болон аймгийн ОБГ, Хүнс, Хөдөө аж ахуйн газар зэрэг байгууллагуудын удирдлагууд аймгийнхаа өвлийн бэлтгэлийг хэрхэн хангасан болон өвөлжилтийн өнөөгийн нөхцөл байдлаа танилцууллаа.

Дархан-Уул аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 92,5 хувьтай хангагдсан талаар аймгийн Онцгой Байдлын газрын дарга Б.Батбаяр мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн тус аймаг дахь салбарт байгаа 165 морины хүчтэй трактор, чиргүүлийн хамт аймгийн Онцгой Комисст шилжүүлж авах, Орхон сумын эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн автомашин, Дархан хотын дулааны төв шугамд 600 мм-ийн 2,4 км хос шугам солиход дэмжлэг үзүүлэх. Шарын гол сумын дулааны төв шугамд 300 мм-ийн 2,2 км хос шугам солиход дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлууд тулгамдаж байна. Тус аймаг энэ намар100 тонн өвс, 21,4 тонн малын тэжээл нөөцөлсөн. Засгийн газрын 322-р тогтоолоор сумд 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэхээс Дархан сум 40 тн өвс, 7 тн тэжээл, Хонгор сум 88,9 тн өвс, 30 тн тэжээл Орхон сум 40 тн өвс, Шарын гол сум 37,5 тн өвс, 10 тн тэжээл тус тус бэлтгэсэн нь нөөц бүрдүүлэлт 95 хувьтай байгаа гэв.

Аймгийн дүнгээр 1100 малчин өрх 2180 хашаа, саравчийг засварлан ашиглаж 14 хашаа, хороо шинээр барьжээ. Энэ онд малчдад 63,2 мянган тн хадлан бэлтгэх даалгавар хүргүүлснээс 61,6 мянган тонн өвс, 325 тонн ногоон тэжээл, 3030 тонн үйлдвэрийн тэжээлийг бэлтгэсэн бол малчид өөрсдийн боломжид тулгуурлан 35,6 тонн гар тэжээл, 256 тонн дарш, ногооны хаягдал, 976 давс хужир шүү бэлтгэсэн тухай мэдээллийг Улсын Онцгой комиссын шуурхай бүлгийнхэн сонсоод эхний ээлжинд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж хадлан тэжээл давс хужраа зохих хэмжээнд бэлтгэсэнд талархал илэрхийлэв.

Уг ажлын хэсэг даваа гарагийн орой Сэлэнгэ аймгийг зорилоо.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news