Хөвсгөл нуурт живсэн машиныг 23 метрийн гүнээс татан гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Тойлогтын үзүүрт энэ оны нэгдүгээр сарын 11-нд живсэн Зил-131 авто машиныг аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболд ахлагчтай алба хаагчид, ар гэрийнхний хамт нийт 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр, жижиг оврын экскаваторын тусламжтайгаар татан гаргаж, эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн байна.
Тухайн үед машин осолдсон хэсгээр хар, цагаан хилтэй, мөснүүд хэсэг хэсгээр бутарсан, мөсний зузаан 30-40 см, орзон ихтэй мөс 1-1.5 метр өндөртэй овойж хөлдсөн, татах машин аль ч талаараа очих боломжгүй байжээ.
Мөн Зил-131 машин хамраараа доош харсан, 10 куб хуурай түлээ ачсан, түлээний арын хэсэг мөсөнд хавчуулагдсан байдалтай, хар хил гэнэт хөдлөх тохиолдолд машин живэх магадлалтай байсан учраас татан гаргах ажиллагааг түр хугацаагаар хойшлуулаад байсан юм.
Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар
мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдэж, 6 иргэн амиа алдсан байна. Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж байгаа зөрчил тасрахгүй
байгаа тул иргэд, малчид, тээвэрчдийг урин дулаан цаг эхэлж
байгаатай холбогдуулан гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон
анхааруулж байна.




