ХӨВСГӨЛ: “Хүрэл тулга-2026” наадамд Дэлгэрмөрөн сургуулийн сурагч Б.Намуунаа түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. МУСГЗ, зохиолч Д.Сүрэнжав агсны нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга” аймгийн наадам Түнэл суманд боллоо.
Сурагчдын авьяас билгийг нээн хөгжүүлэх, уран зохиолд сонирхолтой болгох, эх хэлний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг.
“Хүрэл тулга” наадамд 15 сумын 44 сурагч өрсөлдсөнөөс ахлах насны ангилалд Дэлгэрмөрөн сургуулийн 12-р ангийн сурагч Б.Намуунаа, дунд насны ангилалд Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагч Ө.Намуунчимэг нар шалгарч, улсын уралдаанд оролцох эрх авлаа.
Тус наадам нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын яруу найраг бичих, уран үг хэллэгийн авьяасыг нээн хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд жил бүр оролцогчдын тоо нэмэгдэж байгааг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр тэмдэглэв.
Хөвсгөл аймгаас Б.Мягмаржав, Б.Болорцэрэн, Б.Сарантуяа, Ц.Гончиг, П.Майнбаяр зэрэг яруу найрагч төрөн гарсан байдаг.


