Дэлхийн хамгийн олон хүн амыг тоолно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-03-31 16:52:13

ШИНЭ ДЕЛИ, 2026 оны гуравдугаар сарын 31 /Reuters/. Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс 1.4 тэрбум  иргэнээ бүртгэж, тоолох нүсэр ажлыг ирэх сарын 1-нээс албан ёсоор эхлүүлэхээр шийдвэрлэжээ. 


"Ковид-19" цар тахлын улмаас хүн амын тооллогыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм. Нэг жил орчим үргэлжлэх уг тооллогод нийт 3 сая гаруй албан хаагч дайчлагдан ажиллана гэж тус улсын Засгийн газраас даваа гарагт мэдээлсэн байна.


Засгийн газраас мэдээлснээр, арван жил тутамд явуулдаг хүн амын судалгааг анх 2021 онд хийхээр төлөвлөж байсан бол одоо дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлэх бөгөөд цахимаар бүртгүүлэх хүсэлтэй иргэдэд богино хугацааны боломж олгох аж. Үүний дараа албан хаагчид айл өрхөөр биечлэн явж, хоёр үе шаттайгаар бүртгэл хийнэ. 


НҮБ-ын Хүн амын сангийн мэдээллээр, Энэтхэг хүн амын тоогоор 2023 онд БНХАУ-ыг гүйцсэнээр дэлхийд тэргүүлж эхэлжээ. Энэ удаагийн тооллогоор иргэдийн кастын буюу нийгмийн давхаргын нарийвчилсан мэдээллийг давхар цуглуулна. Хүн амын тооллогын дүн ирэх оны гуравдугаар сард гарах төлөвтэй байна. 


Related news