Ч.Жачин: Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон бүтээлүүд бол “Миний нутаг”, “Учиртай 3 толгой“
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
-Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд-
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн уран зохиолын үндсийг бахархалтай сайхнаар тавилцсан, суут зохиолч Д.Нацагдорж харамсмаар цөөн жил амьдарсан ч үлдээсэн өв, уран яруу дүрслэлүүд нь өдгөө ч үндэсний ухамсар сэтгэлгээнд хүчтэй нөлөөлсөн хэвээр билээ. Мэндэлсний нь 120 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ч.Жачинтай ярилцаж, Д.Нацагдоржийн “жинхэнэ төрх”, түүний гар бичмэл дээр "нуугдаж" үлдсэн сонин сайхнаас тодруулахыг зорьсон юм..
-Монголын хэдэн үеийг яруу сайхан, өөдрөг бадрангуй бүтээлүүдээрээ соён гэгээрүүлсэн Дашдоржийн Нацагдоржийг Монголын орчин үеийн ууган зохиолч гэдэг. Гэхдээ сүүлийн үед Монголын орчин үеийн уран
зохиолыг үндэслэгчдийн нэг гэж ярьж бичсэн харагдана. Үндэслэгч үү, үндэслэгчдийн нэг үү, яагаад?
-Д.Нацагдорж гуайг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэдгийг бараг л 1960-аад оны үеэс л ярьсан. Анх 1945 онд Д.Нацагдоржийн 14 зохиолтой жижигхэн түүвэр гарсан юм.
Түүн дээр академич Ц.Дамдинсүрэн гуай бичихдээ, “Д.Нацагдорж бол Монголын сонгодог зохиолч мөн” гэж хэлсэн байдаг. Энэ бол их ул үндэстэй, гүнзгий дүгнэлт.
Д.Нацагдоржийн
уран бүтээлийг бидний энэ үе байтугай хойч үе маань сонирхож уншина, тэдэнд хэрэгтэй
зохиолыг туурвисан гэж Ц.Дамдинсүрэн
гуай хэлж шүү дээ.
Үнэхээр ч түүнээс хойш Д.Нацагдорж гуайн уран бүтээлийн өв улам дэлгэрсээр 100 гаруй зохиолыг нь өнөөгийн
уншигчид унших бололцоотой болжээ. Түүнээс хойш 1966 онд Д.Нацагдоржийн
мэндэлсний 60 жилийн ой болоход
Монголын Зохиолчдын Эвлэл, манай сэхээтнүүд илүү
их анхаарал тавьж,
нэлээн дэлгэрэнгүй түүврийг
нь гаргасан.
Үүн дээр
үндэслээд Д.Нацагдорж бол Монголын орчин үеийн уран зохиолыг
үндэслэгч мөн гэсэн.
Ингэж дүгнэсний учир нь, нэгдүгээрт
уран зохиолын бүх төрөл зүйлээр амжилттай туурвиж, тэдгээр нь уншигчдад бүрэн хүрсэн. Хоёрдугаарт, орчин цагийн
монголын утга зохиолын хэл бүрэлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Өнөөгийн утга
зохиолын хэлээр бичиж найруулах хэв
маяг, үгийн сонголт, өгүүлбэрийн зохион байгуулалт, бүх зүйл нь Д.Нацагдоржийн уран бүтээлд
илэрхийлэгдэн гарч ирсэн.
Зарим хүн санаатай ч юм уу, санамсаргүйгээр Монголын орчин үеийн уран зохиолын үндэслэгчдийн нэг гэж ярих явдал гарч ирж байна л даа. Гэхдээ чухам яг тэр 1930-аад оны үеийн зохиолууд дотроос өнөөдөр хэний зохиолыг хэн, хэр зэрэг уншиж байна вэ гэвэл яалт ч үгүй монгол хүн бүр Д.Нацагдорж гуайг уншиж байна.
Гудамжинд гараад
харахад л “Хэнтий,
Хангай,
Саяны
өндөр сайхан нуруунууд...”
гээд л унших жишээтэй. Тэгэхээр Монголын уран зохиолыг үндэслэгч гээгүй, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэж хэлэх бүрэн үндэстэй.

Тэгэхдээ энэ үг бусад хүний, бусад зохиолчийн үнэ цэнийг бууруулах гэсэн санаа огт биш юм шүү.
Д.НАЦАГДОРЖ БИЧИХИЙН ОДОНД
ТӨРСӨН ХҮН
-Д.Нацагдорж гуай уран зохиолын бүх төрлөөр
туурвижээ. Уран бүтээлийнх нь оргил үеийг 1930-1936 он гэх нь бий. Зохиолч хүн ийм олон
талт байх нь аль хэр түгээмэл үзэгдэл вэ?
-Д.Нацагдорж гуай ер нь бичихийн одонд төрсөн хүн шиг байдаг. Тэр бичих дадал, туршлагыг гэрийн сургуулиар олж авсан. “Цаасан шувууны үлгэр”, “Оюун түлхүүр”-ээс эхлээд л “Тодорхой толь” ч гэдэг юм уу, тухайн үеийнхээ Монголын бичигтэй хүний унших ёстой бүх зохиолыг уншсан шиг байгаа юм.
Тэгэхээр, нэгдүгээрт их уншжээ. Түүнчлэн Д.Нацагдорж гуай автономитын үед Хүрээнд байгуулсан дунд сургуульд явсан болов уу гэхээр баримтууд байдаг. Албан ёсны хүүхдүүдийн нэрд ороогүй боловч сайн дураараа тэр сургуульд явах боломжийг түүний эцэг Дашдорж олж өгсөн байх үндэслэлтэй. Тэгэхээр эрдэм боловсролд их эртнээс шамджээ.
Зураг: Зураач Ж.Саруулбуян "Мөнх тэнгэрийн дор"
Д.Нацагдорж гуайн гар бичмэл, юмсыг үзэж байхад хятадаар тэмдэглэсэн зүйлс цөөн биш байдаг. Оросоор бас бичсэн байдаг.
Тэр
дунд сургуулийн программд орос, хятад хэл үздэг байсан. Мэдээж хожим нь
сургуульд яваад орос, герман хэл сурсан. Герман хэлийг 3-4 жилийн
хугацаанд үнэхээр герман
хүнээс дутахааргүйгээр сурсан нь сонин шүү. Бичсэн зүйлсийг нь герман хүнд үзүүлэхэд “Яг л герман
хүн шиг бичсэн байна”
гэж надад хэлж байсан. Их
л авьяастай,
мэрийлт чармайлттай,
үнэхээр цуцашгүй хөдөлмөрч хүн байж дээ.
-Энэ
хорвоод Д.Нацагдорж гуай 31-хэн
насалсан. Уран зохиолын бүх төрлөөр бичиж, нийгмийн амьдралын олон салбарт яаж тэгж далайцтай ажиллаж чадсан юм бол бодогдохоор нас шүү дээ. Тэгэхээр Европт сурсан боловсрол нь түүний уран бүтээлд хэрхэн нөлөөлсөн байдаг вэ?
-Нэгдүгээрт, түүнд эрдэм
мэдлэг,
хичээл зүтгэл байжээ.
Түүний хажуугаар цаг үе нь шаардаж дээ. Үнэхээр өөрсдийнхөө амьдралыг
хоцрогдсон хэцүү болчихжээ гэдгийг Нацаг гуайгаас эхлээд бүх хүн тэр үед ойлгож байсан учраас “хөмөрсөн
тогооны доторх”
гэж зүйрлэн хэлж байж
шүү дээ. Тэгээд манай улс яаж ийж,
зүй зохисыг нь олж байгаад Герман, Францад хүүхдүүдийг сургасан байдаг. Тэдний дотор Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагмадулам нар
орсон. Д.Нацагдорж гуай тэр цагийг үнэхээр сайн
ашигласан байдаг л даа. Тэнд герман хэл үзсэн, сонин сэтгүүлийн
хичээл номд суусан,
театртай ч сайн танилцсан.
Түүнд яруу
найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичих манай өөрийн суурь байсан. Түүнчлэн Д.Нацагдорж
гуай зүйр цэцэн үгс цуглуулж байсан байдаг. Бүр бөөгийн дуудлагыг тусгайлан судалсан дэвтэр нь бий. Хүүрнэл зохиол бичих суурь нь үлгэр гэдэг гайхамшигтай юмаас эхтэй. Тэгээд ардын үлгэр ийм
байдаг юм бол жинхэнэ Европ зүгийн үргэлжилсэн үгийн зохиол ийм байж болох юм гэдгийг Д.Нацагдорж гуай гаргаад ирсэн. Жүжгийн зохиолын тухайд харилцаа дуу
гэх мэтээр манай уламжлал байсан ч Европ дахины жүжгийн зохиолын хэлбэрээр
“Учиртай
гурван
толгой”-г
бичсэн.
Тэгэхээр Д.Нацагдорж гуай нийгэм, улс төрийн амьдралд өргөн дэлгэр оролцож явсан нь эзэмшсэн боловсрол дээр нэмэх нь авьяас, тэгээд цаг үеийн шаардлага байж дээ.
Ийм учраас Д.Нацагдорж гуай богинохон хугацаанд энэ бүх зүйлд
оролцох шаардлага ч байж,
түүнийгээ нэр төртэй хэрэгжүүлсэн уран бүтээлч, нийгэм төрийн
зүтгэлтэн байсныг
өнөөдөр нүүр бардам баяртай сайхнаар хэлж болох хүн юм даа.
МАРКО ПОЛОГИЙН ТЭМДЭГЛЭЛИЙГ АЗИД АНХ УДАА ОРЧУУЛСАН ХҮН
- Их зохиолч үнэхээр харамсмаар богино насалсан. Түүний дотоод зөрчил, ганцаардал нь зохиолынх нь гар бичмэлд хэр
илэрдэг вэ, юу нь танд сонин
сайхан байсан бэ?
-Зохиолчийн
гар бичмэл гэдэг бол бараг тэр хүний дотоод ертөнц рүү нь нэвтрэх үүд хаалга
байдаг. Шаналж зовсон,
баярласан, гомдсон
тэр бүх зүйл нь гар бичмэлд нь үлддэг. Тэр байтугай
эмнэлэгт хэвтээд байж байсан нь ч, шөнө нойр нь хүрэхгүй суугаад зохиолоо
бичиж байсан бүгд
л гар бичмэл дээр нь байдаг. Тэр амьдралынх нь эгзэгтэй мөч бүр, туулж байсан
амьдрал нь надад илүү сонин сайхан байсан. Жишээлбэл, Д.Нацагдорж
гуай 1934 онд “Хэлхээгүй
сувд”
гэдэг зохиол бичихээр их том төлөвлөгөө гаргаж, маш их судалгаа хийсэн байдаг. “Хэлхээгүй сувд” гэдэг зохиол
тууж уу,
роман уу гэдэг талаар өнөөдрийг хүртэл судлаачид нэг мөр болж чадаагүй. Д.Нацагдорж
гуайг “Ордны
нууц”
гэдэг роман бичсэн юм гэнэ билээ, тэр роман нь
олдохгүй байна гээд судлаачид ярьж л байдаг.
Тэгэхээр тэрээр бичиж чадах байсан уу гэвэл бичиж чадах байсан. Тэгтэл яагаад бичсэнгүй вэ гэвэл, 1935-1936 оны үед Д.Нацагдорж гуай судалгааны маш их ажилтай байсан. 1932-1934 оны үед тэр үеийн шинжлэх ухааны хүрээлэн гэдэгт орчуулгын ажил хариуцаж байсан. Уран зохиолыг ч, түүхийн зохиолуудыг ч орчуулсан, бүр тэргүүн зэргийн орчуулагч байсан.
Монголын түүхийг цэгцтэй сайн судалъя гэдэг зорилго Д.Нацагдорж гуайд үнэхээр байсан шиг байдаг. Тэгэхдээ бүр эртнээс нь, Хүннү Сүннүгийн үеэс нь эхлээд Чингисээр дамжуулаад явъя гэсэн бодолтой байжээ.
Түүхийн талаар “Монголын
түүхийн товч”
гээд өгүүлэл бичсэн шүү дээ. Мөн
Монголын түүхтэй холбоотой зохиолуудыг өөрөө орчуулсан. Марко
Пологийн тэмдэглэлийг
Азид анх орчуулсан хүн нь Д.Нацагдорж гуай байх. Түүнээс
гадна түүхийн холбогдолтой зохиолуудыг бусад хүнээр орчуулгаад
орчуулсныг нь хянадаг байжээ,
энэ бол их айхтар ажил шүү. 1935
онд түүхийн тасгийн эрхлэгч,
1936 онд дуун ухааны тасгийн эрхлэгч болсон. Монгол хэлний анхны тайлбар
толийг зохиох комисст орж их ажил хийсэн. Ер
нь, нэг хүн бараг барахын аргагүй их ажил хийсэн дээ. Тэгэхээр “Хэлхээгүй сувд” мэтийн тийм
том зохиол бичих цаг зав гараагүй байх.
-“Хэлхээгүй
сувд”-ыг роман байсан гэж үзэх үндэс нь юу байдаг вэ?
-Материалуудыг нь үзэхэд, нэг сайхан роман
бичихээр зорьж байсан нь тодорхой байдаг. Тэр бичмэл тэмдэглэлүүд дотор романы
тухай их олон удаа тэмдэглэж ярьж хөөрсөн зүйл байдаг. Жишээлбэл, “Роман бичих нь
нэг сайхан байшин барихтай адил” гэдэг ч юм уу. “Үлгэргүй хүн, үзэлгүй роман байж үл
болно”
гэж. Үзэлгүй
роман байж үл болно гэдэг нь ер нь зохиолд философи чиглэл заавал байх ёстой гэдгийг хэлжээ. Үлгэргүй хүн
байж үл болно
гэдэг нь, романд
дүрслэгдэж байгаа хүн өөрийн туулсан амьдралтай, өөрийн
хувь заяатай байх ёстой гэдгийг яруу найрагч хүн учраас толгой холбоод л хэлчихсэн байх жишээтэй.
Энэ романдаа Богдыг үзүүлнэ, гол үйл явдал нь Богдын ордонд тулгуурлана, гадны гар хөл бологсдын нөлөөтэй ч байж магадгүй бусармаг үйл явдлуудыг нь шигтгэж оруулна гэж төлөвлөсөн байдаг. Тэгээд 10-20 хүний хувь заяаг энэ зохиолд үзүүлнэ гэхээр аргагүй л роман харагдаж байгаа биз дээ. Д.Нацагдорж гуай ер нь Европ дахины их том том туульсын романуудыг мэдэж байсан учраас түүний хэмжээнд л нэг том роман бичнэ гэж бодсон болохоос, өдгөөгийн зарим роман шиг юм бичье гэвэл нэг сарын дотор л биччих байсан байх. Их өндөр хэмжүүр тавьж байсан учраас тэр романаа бичиж амжаагүй болов уу даа.
-Монголын утга зохиолын нэртэй төлөөлөгч В.Инжинаш, Д.Равжаа нараар жишээ татъя л даа. Д.Нацагдорж гуайгаас 100 жилийн өмнө Д.Равжаа, 70 жилийн өмнө В.Инжинаш мэндэлсэн. Д.Нацагдорж гуай өмнөх үеийнхнээсээ юугаараа ялгаатай байсан бэ?
- Д.Нацагдорж гуай өмнөх үеийнхнээсээ ялгаатай байсан нь, нэгдүгээрт, шинэ дүр гаргаж ирсэн. Чингис хаан өмнө нь дүр байсан. Сайхан хутагт хувилгаад мөн дүр байсан. Гэтэл жирийн малчин хүн, жирийн сэхээтэн хүн, жирийн сурагч гээд цоо шинэ дүр бүтээсэн. Хоёрдугаарт, цоо шинэ асуудлуудыг дэвшүүлсэн.

Гуравдугаарт, жинхэнэ бичгийн ба ярианы хэлний дундаас цоо шинэ утга зохиолын хэлийг бүрдүүлж гаргаж ирсэн.
- Д.Нацагдоржийг бид сурах бичиг дээр бичигдэж ирсэн намтраар л "сайн таньдаг". Харин таны судалгаанд тулгуурлавал “жинхэнэ Нацагдорж” ямар хүн байв, олон нийт төдийлөн мэддэггүй, “нуугдмал” Нацагдорж гэж бий юу?
- Зүгээр баримт хэлье. Шагдаржавын Нацагдорж гэж алдартай түүхч байдаг. Түүнийг Д.Нацагдорж гуай түүхийн тасгийн эрхлэгч байхдаа түүхийн тасагт туслах ажилтнаар ажилд авсан байдаг. Тэгээд нэг жил ажиллуулсныхаа дараа шинжлэх ухааны хүрээлэнд хүсэлт бичсэн байгаа юм. Энэхүү “Ш.Нацагдорж болбоос ирээдүйд Монгол улсад хэрэгтэй хүн болохын учир цалинг нь нэмж өгнө үү” гэсэн. Ш.Нацагдорж гуай “Миний талаар ингэж бичиж байсныг нь би мэдээгүй” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ямар зэргийн хүн байж вэ гэдгийг эндээс харж болж байгаа. “За Ш.Нацагдорж оо, би чамайг тодорхойлсон шүү, би чиний цалинг нэмэх гэж байгаа” гэж яриагүй байх нь шүү дээ.
Хоёрдугаарт, Д.Нацагдорж гуай хэлмэгдсэн гол шалтгаан нь тайж язгуур. Монголчууд 1921-1990 он хүртэл угсаа гарвалаа ямагт нууж байлаа. Ноёны ч хүүхэд бай, бүгдээрээ л "харц ардын хүүхэд" гэдэг байв.
Зураг: Жавхланг бадруулагч үүрийн гишүүн байхдаа 1924 онд авхуулсан гэж 1976 онд Ч.Хас Ч.Жачинд ярьжээ.
Тайжийн хүүхэд гэдэг 1930-аад оноос хойш амьдрахын аргагүй байсан. Тэгэхээр үнэнч байсны хамгийн тод илрэл нь өөрийнхөө тайж гэдгийг хэзээ ч нуугаагүй, түүгээрээ дууссан. Тэр хатуу ширүүн үед Чингисийн удмын тайж хүн гэдэг угсаа нь түүний амь насыг авч одсон байх.
Гуравдугаарт, Д.Нацагдорж
гуайн гар бичмэлүүд, зураг хөрөг бүгд үрэгдэж болох байсан. Чухамдаа Д.Нацагдорж гуай сайн хүн байсан учраас гар
бичмэлүүд,
холбогдох юмсыг
нь шавь нар, танил нөхөд
нь хадгалж байгаад 1948 оноос хойш цувруулаад манайд өгсөн.
Муу хүний юмыг тэгж хадгалах учир байхгүй гэж би боддог.
Дөрөв дэх баримт нь, Түүнийг хоёр удаа шорон гянданд хилс хэргээр хорьсон. Анхных нь 1932 оны хавар шоронд хийхдээ Германы тагнуулууд цугласан, Манж-го улсын ойг тэмдэглэсэн гэж Д.Нацагдорж гуайг 6 сар орчим шоронд хорьсон, 9 удаа байцаасан. Тэгэхэд чи хэний тагнуул вэ, хэний бүлгийн гишүүн бэ гэх мэтийн айхтар асуултуудад Д.Нацагдорж гуай нэг ч монгол хүний нэр хэлээгүй байдаг. Хүний нэр хэлбэл л барьж хориод байсан байхгүй юу. Энэ бүгдээс харахад Д.Нацагдорж гуай жинхэнэ язгууртан хүмүүжлээр хүмүүжсэн хүн байжээ. Харин 7 настай байхдаа ээжийгээ алдаж, аавтайгаа хоёулхнаа байсан учраас хүний зовлон мэддэг, өр нимгэн хүн болсон байх талтай. Муу аав минь намайг үүрч дүүрч өсгөсөн гэж хэлсэн байдаг.
Д.Нацагдорж бол Германы Монгол судлалын төвд очиж ажилласан анхны монгол хүн.
ЗУУН ЖИЛИЙН ДАРАА Ч "ЖАРГАЛАН ЖАРГАЛАН ЖАРГАЛАН"-Г УНШИХЫН УЧИР
-Монгол Улс Европт боловсон хүчнээ бэлтгэж эхэлсний 100 жилийн ой болж байна. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас "эрдэнэ өвөрлөн" ирцгээсэн тэдгээр хүүхдийг анх хэрхэн сонгож Европ руу явуулсан байдаг вэ?
-Европт
явуулсан тэр 30 хэдэн хүүхэд бүгд дунд сургуульд амжилттай
сурч байсан. Тэр 1926
онд явуулахад ардын хүүхэд,
феодалын хүүхэд гэж ялгаагүй. Жишээлбэл, Наваан-Юндэн
гуай бүр ноён гаралтай хүн байсан шүү дээ.
Тэгээд огт дунд сургуульд сураагүй хүнийг тийш нь явуулахгүй. Тиймээс урьд нь Д.Нацагдорж гуай дунд сургуульд сурчихсан байсны нэг баталгаа нь энэ болдог. Д.Нацагдорж гуай ер нь сургуульд явж суръя гэдэг хүсэлтийг тэр үеийн нам төрд байнга тавьж байсан байдаг. Тийм учраас 1925 онд анх тэр үеийн Орост нэг жил цэргийн улс төрийн сургуульд явсан. Тэгээд ахиад Герман руу яагаад явах болов гэхээр түүний зорьж байсан хэрэг бол цэргийн том дарга болох биш, харин эрдэм судлал түүх, соёлын талын юм сурах байсан. Д.Нацагдорж гуай тэдгээр хүүхдээс арай ахмад, 20 хүрчихсэн бас гэр бүлтэй байсан.
Германд Д.Нацагдорж гуай чинь бүр Монгол судлалын их том эрдэмтэнтэй танилцаж, хамтран ажиллаж байсан байгаа шүү дээ. Тэгэхээр хэр зэрэг, ямар түвшний хүн байсныг нь эндээс бас харж болно л доо.
-Д.Нацагдоржтой харилцаж байсан тэдгээр он жилд Э.Хэнишийн судалгаа ч их амжилттай явсан байдаг гэж судлаачид ярих болсон байна билээ. Тэгэхээр Д.Нацагдоржийн туурвил зүйн сэтгэлгээний шинэчлэл, арга барилд ямар онцлог ажиглагддаг вэ?
- Д.Нацагдорж гуайн бүх зохиолыг харах юм бол тэр үнэхээр яруу найрагч гэдэг нь тодорхой байдаг. “Учиртай гурван толгой” гэхэд л тэр
чигээрээ яруу найраг шүү дээ. Илэрхийллийг ямагт яруу найргаар юм уу,
шүлэглэсэн хэлбэрээр, тэгэхдээ хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн байдаг.

Маш хурдан бичдэг хүн байж л дээ. “Учиртай гурван толгой”-г Д.Намдаг гуай шаардсаар байгаад бичүүлчихсэн байдаг. Эрүүл мэндийн сэдэвтэй хэдэн зохиолыг нь хэдэн 10 эмчээс дутуугүй Монголын эрүүлийг хамгаалах салбарт нөлөө үзүүлсэн гээд манай хууччууд дүгнэчихсэн байдаг. Эрүүл энхийнхээ шүлэгт Д.Нацагдорж гуай жинхэнэ философио, хүний амьдралын тухай үзлээ шингээгээд оруулчихсан байдаг шүү дээ.
"Жаргалан жаргалан жаргалан..." гээд 100 жилийн дараа ч уншиж л байна гэж би итгэдэг. Зураач Г.Актив "Хи хи хи"
-Герман хамт суралцаж байсан Д.Намдаг гуайтай нэлээд ойр байж дээ гэж санагддаг?
- Д.Намдаг гуайтай бол Германд нэг их сүрхий танилцаж чадаагүй ээ. Тэр хоёр 1932 онд шоронд орох үед л их сайн танилцсан гэж байгаа юм. Тэд ямар ч байсан хоёр уран бүтээл дээр буюу “Учиртай гурван толгой”, “Би биш” жүжиг дээр хамтарч ажилласан байдаг. “Би биш” жүжгийг Д.Нацагдорж, Д.Намдаг хоёр хийсэн гэж судлаачид хэлдэг л дээ. Д.Намдаг гуай амьд сэрүүн байхдаа “Би биш”-ийг би бичсэн гэж хэзээ ч хэлж байгаагүй.
Харин Д.Намдаг гуай хожим их том уран бүтээлч болоход Д.Нацагдорж гуай нэлээн нөлөө үзүүлсэн байж магадгүй. Жишээлбэл, “Цаг төрийн үймээн” романыг бичихдээ Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламыг зохиолынхоо гол баатар Оюундарийн эх дүр болгож авсан. Яагаад Д.Пагмадулам Оюундарийн эх дүр болчихов гэхээр, Д.Пагмадулам тэр үеийн Маймаа хот буюу Амгаланбаатарт гэрийн сургуулиар боловсрол эзэмшжээ. Тэр үеийн хүрээний нэлээн гайгүй боловсролтой айлууд манж, хятад, тэгээд орос ч байдаг юм уу гадаад хэл, шанз тоглохоос авхуулаад хөгжим, бичиг үсэг, тэгээд хүнтэй харилцах боловсролыг хүүхэддээ олгож байсан. Тийм хүрээний их сүрхий, сайхан бүсгүй бол Д.Пагмадулам байж л дээ. Оюундарь ч зохиол дээрээ хөгжим тоглоод л, бичиг үсэг заалгаж байдаг шүү дээ. Бас нэг мундаг сонин юм нь Д.Пагмадулам Д.Нацагдорж гуайтай суухаасаа өмнө Богдын зарлигаар бусдад богтлогдож байсан байдаг. Оюундарийг бас тэгдэг биз дээ.
Түүнчлэн Д.Нацагдорж гуайн “Хэлхээгүй сувд” гэдэг зохиолд Дариймаа гэж их сайхан хүүхэн гарч байгаа юм. Түүний сурч боловсорч байгаа нь Д.Пагмадуламтай дүйж очно. Дариймааг Богдын зарлигаар бас өөр хүнд өгсөн тухай тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр Д.Намдаг гуай “Цаг төрийн үймээн” бичсэн нь Д.Нацагдорж гуайн хийж амжаагүйг гүйцээж дээ гэж бодогддог.

-Их зохиолч орчуулах зохиолуудаа ямар шалгуураар сонгож байсан байдаг вэ?
-Сонгож орчуулж байсан. Пушкинийг үнэхээр шүтдэг байсан байж магадгүй. Тэгээд Пушкиний “Хоригдол”, “Хэрээ хэрээний зүг ниснэ”, “Анчар” эд нарыг орчуулсан байдлыг нь үзэхэд, “Ер нь, их сүрхий орчуулсан байна аа” гэдэг юм шүү дээ.
Д.Нацагдорж гуай 1930-аад оноос хойш хэцүү цаг үед амьдарч байна даа гэдгийг илүү мэдэрч байсан шиг байгаа юм. Тийм учраас “Од” шүлэгтээ манай ертөнц шиг будилаан балар танай тэнд байна уу, үгүй юу гэж асууж байгаа шүү дээ. “Хоригдол” эд нар ч бас тиймэрхүү л утгатай. А.П.Чеховыг их сайн зохиолч гэдгийг Д.Нацагдорж гуай мэдэж байсан байна.
-Тэр
шинэ жил тэмдэглэж байгаа зураг яагаад буруу тайлбарлагдах шалтгаан болсон юм бол?
-Тэр
шинэ жилийг тэр үеийн Аж үйлдвэрийн яамны сайд Содном гэдэг хүний байшинд хийсэн байгаа юм.
Зураг
хөргийг нь харахад нэлээн урт ширээтэй, том байшин байдаг. Европт шинэ жилийг
тэд бүгдээрээ үзжээ. Тэгэхдээ
Франц
явсан хүмүүс энд ирээгүй, Орос, Германд
боловсрол эзэмшсэн болон Нина Чистякова /Д.Нацагдоржийн охины ээж, сурв/-гаас эхлээд
л орос хүмүүс ч тэнд оролцсон. Урьд нь ч тэд
жоохон нийлдэг байжээ. Тэгээд 1931 он дуусаад л 1932 он эхлэхэд шинэ жил
тэмдэглэсэн,
тэнд ямарваа нэгэн бодлого зорилго ерөөсөө байгаагүй болов уу. Яагаад гэхээр, цугласан
улсуудын байдлыг харахад
бүгдээрээ сэхээтнүүд, цэргийн дарга энэ тэр улс төрийн хүмүүс байгаагүй. Зурагчин ч
ялгаагүй хамт сурч байсан нөхөр нь байдаг.
Зургийг өгсөн тухайд бол, тэр үед нэг журам гарчихсан байсан юм гэнэ ээ. Зураг авбал нэг хувийг нь Дотоод яаманд өг гэж. Түүн дээр бичсэн бичиг нь л хорлонтой. “Тайж Д.Нацагдоржийн банкет” гэж байгаа байхгүй юу.
Тэр Содном сайдын байшингаас гаргах тухай хүрээлэнд бичиг өгөхдөө хүртэл “герман Д.Нацагдоржийг энэ байшингаас гарга” гэж байгаа юм. Тэр байшин нь улсын л харьяатай байшин байж л дээ. Тэр Содном гуай 1932 онд гарсан бослогын үеэр нас барчихсан хүн. Содном сайдын дүү ч юм уу, хүүхэдтэй ч юм уу Д.Нацагдорж гуай их найз байсан. Тэд бичиг зохиолыг нь үнэлдэг байсан байх л даа.
- "Миний нутаг” шүлгийг цээжээр мэдэхгүй монгол хүн байхгүй байх. Бас л нэг ороо бусгаа тэр цагт адлуулж байсан хэрнээ Д.Нацагдоржийн бүтээл алдаршихад юу нөлөөлсөн байдаг вэ?
-Ц.Дамдинсүрэн гуай “Д.Нацагдоржийг Нацагдорж болгосон, Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон хоёр бүтээл бол “Миний нутаг”, “Учиртай гурван толгой“ юм” гэж хэлсэн байдаг. Нээрээ тэр хоёр жигтэйхэн алдаршсан. Магадгүй Д.Нацагдорж гуайг хэлмэгдүүлэх үндэс бол энэ хоёроос болсон байх. Яагаад алдаршсан бэ гэхээр, “Учиртай гурван толгой” 1934 оноос эхлээд л театрт тавигдсан. 1930, 1940-өөд оны үед шуудангийн машинд явж байсан улсууд “За, чи Нансалмаа, чи Юндэн бол, би Балган болъё, Хоролмаа болъё" гээд л дуулаад явдаг байж л дээ.
Хуучин ший гэхээр нүүр амаа будсан юмнууд гарч ирдэг байсан бол яг өөрсөдтэй нь адилхан жирийн хүн Юндэн гээд л нэг сайхан залуу, Нансалмаа гээд л нэг сайхан бүсгүй гарч ирээд л, өөрсдийнх нь амьдрал дээр харж байсан шиг нь бие биедээ дурлаж байгаа үзэгдлийг үзнэ гэдэг бол тэр үед үнэхээр л онцгой сонин байж л дээ.
Ховдоос юм уу, Сүхбаатараас наашаа орж ирэхдээ “Учиртай гурван толгой”-г машины тэвшин дээр дуулсаар орж ирдэг байсан байгаа юм. Тэгж их алдаршсан. Зарим хүн 20, 30 удаа үзээд л. Тэр үед үнэхээр онцгой шинэ юм байсан байхгүй юу.
Зураг: Д.Нацагдоржийн мэндэлсний 70 жилийн ойгоор. Зүүн гар талаас
Б.Ринчен, Б.Ахтаан, Ц.Дамдинсүрэн, С.Удвал, С.Дашдэндэв, Ч.Чимид
“Миний нутаг”-ийг тэр үед хуурч Дамдинбазар гэдэг хүн бас хуурдан хэлж байж шүү дээ. Радиогоор үргэлж сонсдог юм нь “Миний нутаг” болчихжээ. Д.Нацагдорж одоогийнхоор ёстой “од” болонгуут атаархах улсууд нэг хоёроор тогтохгүй байсан байх.
Шоронд анх орчихоод гарч ирэхдээ, Д.Нацагдорж гуай ахиад шоронд орвол ч барахгүй юм байна аа, архи уугаад ингээд явж байвал арай ч дахиад хийчихгүй болов уу гэж, хүн харахад арчаагүй нэг муу архичин царайлж, өрөөндөө ороод түүхээ бичих, орчуулах, толь хийх ажлаа сайн хийгээд яваад байсан байдаг.
Харин
2024
онд гардаг “Пагмадулам” гэдэг кинон дээр яахаа
алдсан нэг муу
архичин болгож гаргасан
байна билээ, арай ч тийм байгаагүй ээ, би бол үнэхээр
дургүй хүрсэн.
"ХЭЛХЭЭГҮЙ СУВД”-ЫН ТЭМДЭГЛЭЛҮҮДИЙГ УНШИГЧДАД ХҮРГЭНЭ
-Их зохиолчийн өөд болсон тухай ямар мэдээ баримт байдаг вэ?
-Хамгийн лавтай 2 мэдээ байгаа юм. Нэгдүгээрт, Эвлэлийн Төв Хороонд ажиллаж байсан Хөхдэй гэдэг хүн л “Авьяаслаг сайхан шүлэгч маань нас барчихлаа” гэж эмгэнэл илэрхийлж бичсэн. Төр засаг ч, зохиолчдын байгууллага ч эмгэнэл илэрхийлээгүй.
Ц.Дамдинсүрэн гуай 1945 онд гаргасан түүвэртээ “Манай нэг авьяаслаг сайхан зохиолч хөлчүүрч яваад амь насаа алдлаа” гэж бичсэн. Энэ бол зүгээр нэг үг биш гэж би боддог. Тэр айхтар хүн “Д.Нацагдорж бол өөрөө жамаараа нас бараагүй ээ, гаднын нөлөөгөөр нас барсан шүү” гэдгийг тэр "хөлчүүрч яваад" гэдэг үгээр илэрхийлсэн.
Д.Нацагдоржийг феодал гэдэг, атаархдаг, хорсдог, гүтгэдэг, гүжирддэг хүмүүсийн нөлөөгөөр нас барсан. Зургаан сар шорон гянданд, ялангуяа зооринд суучихсан хүний эрүүл мэнд ямар болох вэ дээ. Эмнэлэгт үзүүлье, эмчлүүлье гэж их олон удаа хүсэлт гаргаж байсан. Магадгүй 1937 онд Орос руу эмнэлэгт явсан бол бас ахиад нэг хэдэн жил амьдрах байсан ч юм уу. Аль эсвэл нөгөө айхтар хэлмэгдүүлэлтээр хамгийн түрүүнд аваад явчих ч байсан байж магадгүй л дээ.
-
Д.Нацагдорж гуайн ил болоогүй бүтээлүүд илрэх боломж өдгөө бий юу, эсвэл бүгдийг судалчихсан уу?
-Илрэх бололцоотой. Яагаад вэ гэхээр, Б.Содном гуайн амьд байхдаа, “Д.Нацагдоржийн хоёр дэвтэр байсан нэг нь олдохгүй байна. “Ордны нууц” гэдэг роман байсан” гээд л ярьдаг байсан. Тэгэхээр магадгүй нэг хэсэг зохиол нь өнөөдрийг хүртэл бид үзээгүй ч байж магадгүй. “Харанхуй хад”, “Ламбугайн нулимс”, “Соёлыг гайхав” эд нар чинь нэг л дэвтэр нь шүү дээ. Нэг дэвтэр дээр л 45-46 зохиолоо хуулаад бичсэн, тэр нь л Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа юм.
Нөгөө дэвтэр нь үрэгдчихсэн бол магадгүй 40-50 зохиолыг нь бид өнөөдрийг хүртэл үзээгүй байх магадлалтай. Би бол Д.Нацагдорж гуайн зохиолуудаас уншигчдад хүргэсэн зохиол бол “Ондоо хүмүүжил” гэдэг жүжиг.
“Ондоо хүмүүжил”-ийг жижиг жижиг
цаасан дээр,
энд тэнд биччихсэн,
эхлэл,
төгсгөл нь аль юм, үүний
дараа юу нь орох вэ гэж бараг 5-6 жил үзэж байж сая яг ийм зохиол байсан юм байна аа
гэж
гаргаж
ирэх жишээтэй. Энэ бол судлаач хүний хувьд зорилготой сайхан ажил. Түүн шиг “Хэлхээгүй сувд”-ын тэмдэглэлүүдийг
энэ
120 жилийн ойгоор нь
үг нэг бүрчлэн гаргаж уншигчдадаа хүргэнэ. Тэгэхээр “Хэлхээгүй сувд” гэж ямар
зэргийн юм байсныг
уншигч судлаачид мэдэж авна аа гэсэн үг.
-
Д.Нацагдоржийн нөлөө хожмын ямар ямар зохиолчдод хэрхэн илэрдэг вэ?
- Д.Нацагдорж гуайн нөлөөгөөр бичсэн улс зөндөө шүү дээ. С.Эрдэнэ гуай байна. Яруу найргийн хувьд бол Б.Явуухулан гуай байна. Бүр илэрхий нөлөөтэй. Тэр байтугай Ч.Лодойдамба гуайд ч нөлөөтэй. Ж.Лхагвын тэр сайхан дүрслэлийг Д.Нацагдорж гуайд хүрээгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Үнэхээр Д.Нацагдорж шиг л сайхан дүрсэлсэн байгаа. Гэхдээ эхний үлгэр загварыг бол үнэндээ Д.Нацагдорж гуай үзүүлсэн, нэг хэмжүүр тавьчихсан байна шүү дээ.
-Олон
орон их зохиолчоо мөнгөн тэмдэгт дээрээ залсан байдагчлан Д.Нацагдоржийгоо мөнгөн тэмдэгт дээрээ дүрслэх уриалгыг залуу судлаачид гаргаж бичсэн байна билээ. Та үүнийг юу гэж үзэж байна вэ, эсвэл чухал биш асуудал уу?
-Үгүй ээ, чухал. Ер нь, энэ 120 жилийн ойгоор нэг тийм ганц юм хийчихээсэй гэж боддог. Бүр мөнгөн тэмдэгт дээр болдоггүй юм бол, ойд нь зориулж нэг марк гаргавал сайн сан. Их мөнгө ордог юм гэнэ ээ, марк хүртэл чадахгүй юм шиг л яриад байна.
Сонгодог сайхан зохиолчоо оюун санааны ертөнц гэдэг үүднээс нь, нэг үйлдвэрийн тухай сайхан юм хэлчих сэн гэхдээ Д.Нацагдорж юу гэж хэлсэн бол гээд үздэг, рашаан усны тухай байлаа гэхэд Д.Нацагдорж гуай энэ талаар юу хэлсэн байдаг бол гээд хандах хүн маань Д.Нацагдорж гуай мөнөөсөө мөн гэж л би боддог.