ТӨВ: Д.Сэмхээ: Хүүхэд бол ирээдүй. Бид ирээдүйгээ хайрлан, халамжлах ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-30 21:50:10

Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний гавьяат эмч, Клиникийн профессор Манзушир овогт Довдонгийн Сэмхээтэй ярилцлаа.


-Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр хамгийн олон жил ажилласан нь та юм билээ. Энэхүү мэргэжлээ яаж сонгож байсан бэ?


- Би 9 дүгээр ангид байх үедээ хөөрхөн дүүтэй болсон юм. Гэвч дүү минь өвдөөд эдгэрч босохгүй байсаар тэнгэрт дэвшсэн л дээ. Тухайн үед бодохдоо “Энэ жаахан хүүхдийг олон удаа тарьж зовоолоо. Гэсэн ч эдгэж, үр дүн гарсангүй” гэж ихэд гомдож билээ. Уг нь багш болох хүсэлтэй байсан ч эмч болж олон хүүхдийн амийг аврах мөрөөдөлтэй болж эхэлсэн.


1967 онд Анагаах Ухааны Дээд сургуульд Хүүхдийн эмчийн факультетад суралцаж төгсөөд дөрвөн жил сум дундын эмчээр ажилласан. Ингээд Хүүхдийн нэгдсэн тасагт 1971 онд ажилд орсон. 1974 оноос бүх тасгуудыг нэгтгэж, Нэгдсэн эмнэлэгтэй болсон юм. Энэ үед 90 ортой 100 гаруй ажилтантай Хүүхдийн тасаг нээгдэж байлаа. Тус тасагт 1994 он хүртэл ажиллаж байгаад аймгийн Засаг даргын захирамжаар сувиллын ясли цэцэрлэг байгуулах шаардлага үүсэж, яслийн эмчээр гарч байсан. Ингээд бодоход миний бие улсад нийт 55 жил ажилласнаас 44 жил есөн сард нь энэ мэргэжлээрээ ажилласан байна.  



-Таныг ажиллаж байх үед хүүхэд эндэх тохиолдол буурч байсан гэдэг. Эмчилгээний ямар арга туршлагыг ашиглаж байсан бэ?


-Би энэ ажиллах хугацаандаа 35.023 хүүхдийг эмчилж байлаа. Эмчилсэн хүүхдүүдийн маань 98.5 хувь нь эрүүл саруул, эсэн мэнд эмнэлэгээсээ гарч байсан юм. Анх Хүүхдийн тасгийг ахлаж байх үед 89.5 хувьтай, "эндэгдэлгүй жил" гэж байгаагүйг хамт олныхоо хүчээр 20 жил бууруулж ирсэн. Хүүхдийг эмгүйгээр дархлааг нь дэмжих, бариа, засал гэх мэт уламжлалт аргаар эмчлэх гэж их хичээнэ. Боломжгүй бол дөрвөн бүлэг 20 төрлийн эмээр эмчилж байлаа. Энэ туршлагаараа 80 гаруй шагнал авч, 90 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан байдаг.


-Өвлийн улиралд хүүхэд их өвддөг. Улирлын байдлаас эмнэлгийн ачаалал өөр, өөр байдаг уу?


-Зөвхөн өвлийн улиралд хүүхэд их өвддөг гэж бодоод өвөл л хүүхдэд их анхаараад байдаг. Ерөнхий 11-2 сар хүртэл ханиад, томуу ихэсдэг нь үнэн. Гэхдээ 4,5 сард урин дулааны улирал эхлэхтэй холбоотой халдварт өвчнүүд их гардаг. Зуны улиралд хүйтэн ундаа хэрэглэж хоолойгоо өвтгөх, наршилтаас болж гэдэс гүйлгэх, аялал зугаалгаар явах үедээ идэх зүйлээс хордлого авах гээд улирал бүр өөр өөр асуудалтай. Хүүхдийн тасаг бол байнгын бэлэн байдалд байдаг. Хүүхдийн бие хурдан хүндэрч, хурдан эдгэрч байдаг юм шүү дээ.



-Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг одоо 30 ортой үйл ажиллагаагаа явуулж байна. Таныг ажиллаж байх үед 90 ортой байсан гэсэн. Яагаад орны тоо багасан юм бол?


-Орноос гадна 100 гаруй орон тоотой нарийн мэргэжлийн эмч нар байлаа. Одоо бол хоёр эмчтэй, амбулаторитоо нэг эмчтэй байгаад нь их сэтгэл дундуур байдаг. Олон төрлийн эмч байх хэрэгтэй гэж бодож байна. Өвчин бол дуусахгүй шүү дээ. Залуу эмч нар ур чадвар сайн байгаа хэдий ч энэ гурван хүн дуудлагаар явах, үзлэг хийх, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүддээ анхаарал тавих ажлыг яаж нэгэн зэрэг хийж чадах билээ. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг шүү дээ, 27 сумаас хүүхдүүд өвдөөд ирэх үед ачаалал ихэсвэл нэлээн хүнд байдалд орохоор санагддаг.


-Таныг шавь нар тань их хатуу, чанга, ёс журмыг их хүндэтгэдэг гэж ярих юм билээ. Та хэдэн шавьтай вэ. Таныг  анх төгсөөд ирэхэд ямар эмч нар хүлээн авч, зааж зөвлөж байв?


-Тийм ээ. Миний шавь нар намайг "Их хатуу хэрнээ нялхруулах үедээ сонин болтол эрхлүүлдэг" гэж их ярьдаг. Миний бие 60 гаруй шавьтай. Шавь нараа үхэх хүртлээ суралцаж, зэрэг дэвээ авахыг их шаарддаг байлаа. Суралцах тусам хүн мартамхай болох нь багасаж байдаг.


Анх аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилд орох үед Малчинхүү, Гүрсэд, Хорлоо эмч нар байлаа. Малчинхүү багш зааж сургахгүй ч жаахан алдаа гаргахад их ёжилдог байсан. Алдааг минь шууд хэлж өгөхгүй, тойруугаар хэлэх үед нь бодож, бодож байгаад алдаагаа засахаар “Чи овоо уншчихсан байна лээ шүү, Сэмхээ” гээд хэлж байгаа нь их юм бодогдуулдаг байсан.


-Эцэг, эхчүүдэ та юуг сануулж хэлэхийг хүсдэг вэ?


-Эцэг, эхчүүд анхны мэдэгдэхүүнгүй байдлаасаа болоод хүүхдээ хүндрүүлж ирдэг. Нэн тэргүүнд халууралтыг дураараа эмчлэхээ болих хэрэгтэй. Бас тоохгүй байж байгаад гэнэт хүндэрч, амь эрсдэх дөхсөн үед хүрч ирдэг. Энэ нь маш буруу. Хүүхэд бол ирээдүй. Бид ирээдүйгээ хайрлан, халамжлах ёстой.  


Ярилцсанд баярлалаа.

 

Related news