Э.Бямбасүрэн: Алдахаас бүү айгаарай, тууштай байх нь л чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
b.garmaa@montsame.gov.mn
2026-03-30 16:59:31

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын 29 дүгээр уралдааны “Насанд хүрэгчид”-ийн ангилалд тэргүүн байр эзэлсэн “Болорсофт” компанийн дата бэлтгэгч Э.Бямбасүрэнтэй монгол хэл, бичиг, хэрэглээний хэл шинжлэл, уран бичлэгийн тухай ярилцлаа. Тэрбээр Говьсүмбэр аймгийн Лаборатори 5 дугаар сургуулийг 2021 онд төгссөн. Улмаар МУИС-д элсэн Монгол хэл, хэл шинжлэлийн хөтөлбөрөөр суралцаж 2025 онд төгссөн. Одоо мэргэжлээрээ “Болорсофт” компанид ажиллаж буй юм.


-Хэрэглээний хэл шинжлэлийн чиглэлээр ажиллах ямар санагдав. Анхны ажилласан төсөл нь ямар ажил байсан бэ?

-Анх монгол хэлний найруулга, зөв бичих дүрмийн алдааг илрүүлж засах ажил хийж байсан. Мөн хүний нэр, гадаад үг, товчилсон үгийг монгол бичигт хөрвүүлж, кодчиллын дагуу оруулах зэрэг сонирхолтой ажил хийсэн. Мэдлэгээ улам тэлэх боломж бүрдсэн. Онолын мэдлэгээ ажлын байранд турших, хэрэгжүүлэх нь ажлаа урам зоригтой хийхэд түлхэц болж байсан.


-“Монголын сайхан бичигтэн-2025” уралдаанд түрүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцвал?
-2024 оны уралдаанд оролцохоор удаан бэлдсэн боловч бүтээлдээ сэтгэл хангалуун бус байсан учраас оролцоогүй. Харин энэ жил зорин зорин оролцсон. Шагнал авна гэж  бодоогүй. Түрүүлснээ мэдээд их гайхаж, тухайн мөчийн мэдрэмжээ бүрэн санахгүй шахам байсан.


-Уран бичлэгээр бичих эрдэмд хэн хөтөлсөн бэ?
-10 дугаар ангиасаа сурч эхэлсэн. Сургуулийнхаа монгол хэл, бичиг, уран зохиолын Э.Олонцэцэг багшийн “Эрдэнийн бийр” дугуйланд хичээллэж, бийрээр бичиж сурсан. Анх багшийнхаа үзэсгэлэнг үзээд уран бичлэгийн сайханд дурласан даа.


-Сурсан мэдсэн зүйлээ орхилгүй, үргэлжлүүлнэ гэдэг авууштай зан чанар. Та энэ чадвараа хэрхэн хөгжүүлсэн бэ?
-Их сургуульд байхдаа монгол бичиг, соёлын “Хос уянга” нэгдэлд орж, сүүлдээ тэргүүнээр нь ажилласан. Зарим үед өөртөө эргэлзэж, тэмцээн уралдаанд оролцохоос зайлсхийх үе байсан ч орхилгүй үргэлжлүүлсэн. Тиймдээ ч хамгийн их оролцогчтой уг уралдааны түүхэнд нэгэн мөрөө үлдээсэндээ баяртай байдаг. Цаашид ч тогтмол оролцох зорилготой доо.


-Уран бичлэгээр бичихэд нэгэн амьсгаагаар бичих, анхаарлаа төвлөрүүлэх, удаан сууж бичих гэдэг их чухал байдаг байх. Таны хувьд уралдаанд хэр хугацаанд бэлдсэн бэ. Бүтээлийнхээ онцлогоос дурдвал?
-Өмнөх жилийн бэлтгэл суурь болсон. Өдөрт тогтмол бага багаар бичсээр дуусгасан. Бүтээлийн хувьд, монгол бичгийг төрийн хэрэглээнд сэргээн нэвтрүүлэхийн ач холбогдлыг тусгаж, үүнийг түүх, соёлоо хамгаалах “гүүр” болно хэмээх санааг онцолсон. Мөн монгол бичиг нь монголчуудын оршихуйн баталгаа хэмээх санааг ч шигтгэсэн билээ.


-Өөрийг тань нийгэмд монгол бичгээ, уран бичлэгийг түгээж, нөлөөлөх гэж тун хичээдгийг анзаарсан л даа. Энэ тухайгаа сонирхуулна уу?
-Нэг удаа найз залуутайгаа ярилцаж суухдаа монгол бичгээр дагнасан, тогтмол шинэчлэгддэг цахим хуудас ховор байдгийг анзаарсан л даа. Улмаар “egurid3” нэртэй инстаграм хуудас нээж, монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой контент хийж эхэлсэн. Эхний үед мэдээж хандалт, хүрэлт төдийлөн их байгаагүй. Гэхдээ бид шантраагүй. Хүмүүсийн сонирхлыг ажиглаж, ямар төрлийн контент илүү хүрч байгааг ажигласаар, туршиж үзсээр байсан. Орчин үеийн дууны үг, эшлэл, нийгмийн сүлжээнд анхаарлын төвд буй эерэг зүйлсийг монгол бичигтэйгээ хослуулан хүргэх нь илүү ач холбогдолтой, сонирхолтой байгааг ойлгосон. Залуус танил зүйлээ өөр хэлбэрээр харах сонирхолтой байдаг учраас тэр нь манай хуудасны онцлог, давуу тал болов уу.


Миний хувьд монгол бичиг бол зүгээр нэг бичгийн хэлбэр биш, харин соёл, түүх, үнэт зүйлсийг дамжуулж байдаг амьд өв гэж боддог. Тиймээс аль болох орчин үеийн хэлбэр, ойлгомжтой контентоор дамжуулан хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд ойртуулахыг зорьдог. “egurid3” хуудсаараа дамжуулж монгол бичгийг илүү энгийн, сонирхолтой, хүртээмжтэй байдлаар түгээх нь бидний гол зорилго юм.


-Монгол бичиг сурч буй хүүхэд залууст өгөх зөвлөгөө?

-Монгол бичгийг “ухааны бичиг” гэж нэрлэдэг нь учиртай. Учир нь зүгээр хараад хуулж бичихээс илүү үгийн утга, язгуур, бүтцийг ойлгож байж зөв бичиж сурдгийг үе үеийн багш нар маань зөвлөсөөр байдаг.

Тиймээс анхлан сурч буй хүүхэд, залууст хэлэхэд, эхлээд үгийг цээжлэх гэж яарахаас илүү “яагаад ингэж бичсэн бол” гэдгийг бодож, утгаар нь задлан ойлгож, ялгааг анзаарч, харьцуулж сурах нь чухал болов уу. Энэ нь эхэндээ удаан мэт санагдавч цаашид илүү хялбар, бат бөх суурь болно байх аа. Алдахаасаа бүү айгаарай, харин алдаагаа дараагийн зөв бичих алхам гэж үзэн, тууштай үргэлжлүүлбэл хэн ч сурах боломжтой шүү.


Нөгөө талаас, сурах үйл явцыг сонирхолтой байлгах хэрэгтэй. Өөрийн дуртай дууны үг, эшлэл, эсвэл өдөр тутмын хэрэглээний үгсийг монгол бичгээр буулгаж үзэх нь илүү үр дүнтэй. Ингэвэл уйдахгүй, бас бичиг амьд хэрэглээ болж эхэлдэг.







Related news