З.Батбаяр: Хаягдал усны бизнесийг бий болгох хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2026-03-22 10:43:55

 -Дэлхийн усны өдөрт-


Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний амьдралын үндэс ус хэмээх чандмань эрдэнийн эргэн тойронд Усны газрын дарга З.Батбаяртай ярилцлаа. 


-Монгол орон усны хэр нөөцтэй орон бэ, ер нь ус сэргээгдэх нөөцөд ордог уу?

-Нөөцийг юу гэж ойлгохоос хамаарна. Нүүдэлчдийн уламжлалаар малаа маллаад, усны тунгалаг, өвсний соргогийг хайж нүүгээд байвал усны нөөц хангалттай. Харин мал аж ахуйгаас илүү их ус хэрэглэж, бохирдуулж байгаагаа харвал нөөц хангалтгүй юм. Монголын нутаг дэвсгэр усны нөөцийн жигд бус хуваарилалттай. Тухайлбал, Хөвсгөл нуурын орчимд маш их хэмжээний устай, түүнийгээ дагаад хур тунадас ч элбэг. Гэтэл говийн бүсэд гадаргын ус бараг байхгүй, хур тунадас бага унадаг. Усны нөөцийг гүний болон хур тунадасны ус бий болгодог.


Манай оронд жилд 610 км/куб орчим ус бүрэлдэж бий болдог гэдэг. 2022 оны мэдээллээр энэ тоо 556 км/куб болж багассан нь мөнх цас, мөс эрчимтэй хайлсантай холбоотой. Гэтэл монгол орны бүх нууранд 500 км/куб ус байгаагийн 70 хувийг Хөвсгөл нуур бүрдүүлдэг. Гол мөрний ус нийлээд 36 км/куб болж байна. Бидний ашиглаж буй газрын доорх ус 10.8 км/куб буюу нийт усны 2 хувийг бүрдүүлдэг ч хэрэглээгээ гүний усаар хангадаг. Гадаргын усаа ашигладаггүй учир усны нөөцийг тодорхойлох хэцүү. Бороо ороход тухайн хур тунадасны 10 хувь нь газрын гүнд шингээд, 40 хувь нь гол руу орж, үлдсэн нь эргээд ууршдаг.


-Манай оронд усны ямар менежмент, бодлого барих нь зөв бэ?

-Ердөө л усаа хамгаалах. Чингис хааны үеийн “Их засаг хууль”-д голын усанд хувцас угаахыг хориглосон байдаг нь усаа хамгаалж, усны эргэлтэд саад болохгүй гэсэн утгатай. Иймд газрын доорх усны ашиглалтыг хязгаарлан, гадаргын усаа хамгаалах нь зөв. Хамгаална гээд хашаалж, хүн оруулахгүй байвал усны ид шид гарахгүй. Харин ашиглаж байж үр ашгийг нь хүртэхийн тулд хамгаалалд суурилсан ашиглалтын бодлого барих ёстой. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг, ахуй нь нь орчиндоо хор бага, байгаль бохирдуулдаггүй онцлогтой. Харин одоо хүн амын тал нь нийслэлд суурьшсан тул зөв зохистой ашиглаж усны нөөцөө үлдээх зарчим баримталж байна. Манай орны усны нөөц жигд бус хуваарилагдсан учир усыг хуримтлуулахад анхаарах хэрэгтэй. Орон сууцад амьдарч буй хүний хоногийн усны хэрэглээ 2004-2005 онд 250 л, гэр хороолынх 8 л байсан бол одоо орон сууцных нь 130, гэр хорооллынх хэвээр байгаа. Өмнө нь 300-400 худагтай байсныг 800 гаруй болгосноос гадна иргэд ус авах автомат төхөөрөмжтэй болсон. Эрүүл ахуйн шаардлага хангасан ус түгээж байгаа нь дэвшил юм.


-Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн усны хангамжид яаж нөлөөлөх вэ?

-Маш сайнаар нөлөөлнө. Зарим хүн нэг мод услахад 40 л ус хэрэгтэй, тэрбум модны тоонд үржүүлээд ийм их ус байхгүй гэх. Мод услах нь ус үгүй болно гэсэн үг биш, газрын хэвлий рүү усаа хийж буйтай адил. Модыг 40 л усаар услахад 10 л нь модондоо, үлдсэн нь газарт шингэнэ. Модонд шингэж буй ус нь хүчилтөрөгч бий болгож, нүүрстөрөгчийг шингээнэ. “Тэрбум мод” хөтөлбөр ХХ зууны хамгийн үр дүнтэй бодлого учир гадаргын, гүний усны хэлхээ холбоог сайжруулна. Усны газраас “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж, “333 нуур” хөтөлбөр боловсруулан, сум бүрийг нэг нууртай болгохыг зорьж байна. Борооны усыг хуримтлуулаад жижиг нуур, хөв цөөрөм байгуулж, усыг тогтоож, хажууд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах ч боломж бий.


-Манай орны гадаргын ус ихэвчлэн гадагш урсгалтай. Хөрш орныхоо усны нөөцөд ихээхэн үүрэгтэй гэж ойлгож болох уу?

-Монголын гүйцэтгэх үүрэг хөрш орны төдийгүй хүн төрөлхтний цэнгэг усны нөөцөд, Төв Азийн бүс нутгийн гадаргын усны сүлжээнд их шүү дээ.

Хүмүүс Байгал нуурыг Байкал гэж мэддэг. Энэ үг угтаа монгол хэлний байгаль ээжийн биечилсэн хэлбэр гэсэн утгатай. Дэлхийн нийт усны гуравхан хувь нь цэнгэг. Үүний тал буюу 1.5 хувь нь мөс хэлбэрээр оршдог. Гадаргын ус хэлбэрээр байгаа 1.5 хувийнх нь 20 хувь нь Байгал нуурт бий. Байгал нуурт цутгадаг усны 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр дамждаг. Манай нийт усны 70 хувь нь Сэлэнгэ мөрнөөр дамждаг.


Дэлхийн хамгийн том 10 голын нэг Енисей мөрөн монголоос эх авдаг. Хөвсгөлийн Улаан тайга уулын хойд, Дэлгэр мөрний урд талаас эх авдаг Шишгэт гол хил давж бага Енисей болж, Кизилээр дамжин Енисей мөрөнд цутгадаг. Дэлгэр мөрөн Идэрийн голтой нийлж урсах үеэсээ Сэлэнгэ мөрөн болж, Байгал, Ангар мөрнөөр дамжаад Енисейд цутгадаг.


Түүнчлэн ОХУ-ын Ойб мөрнийг газрын зурагт тэмдэглэсэн нэр нь Эртиш. Үндсэн нэр нь Эрчис юм. Энэ нь Тарвагатайн нуруу орчим одооны Ёлт голоос эх авсан. Алтайн нурууны хойд талд Ховд, урд талд нь Булган гол бий. Булган гол Хятадаар дамжиж, Казахстан руу урсахдаа Өрөнгө гол болж, Өлөнгөр нуурыг үүсгэдэг. Зүүн талд Онон гол Амар мөрний эх болж, Хэрлэн гол Хөлөн нуурыг тэжээдэг. Монгол Улсын гадаргын усны сүлжээ хөрш 2 орны усны нөөцөд нөлөөлдөг. Эдгээр гол хатаж ширгэж, мөн үеэрлэвэл аюултай.


-Манай голууд эдгээр том гол, мөрний эх ундарга болж байгаа нь монголын мөнх цаст уулс, мөнх цэвдэгтэй холбоотой юу?

-Дэлхийн усны салбарынхан хөрш улстайгаа нэг бодлоготой байя гэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлах үеэр 2 улсын экологи, байгаль орчны сайдууд Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах санамж бичигт гарын үсэг зурсан нь дэлхийд жишиг болохуйц, хөрш орнууд хамтран нэг голыг хамгаалах том үйл юм. Манай улс энх тайванч гадаад бодлого баримталдаг учир хөршүүдтэйгээ санал зөрдөг ч эв найрамдалтай оршдог. Цаашид илүү харилцан ашигтай хамтарч ажиллах байх.


-Нийслэлийн хүн амын ундны усны хангамжийг сайжруулах ямар боломж байна вэ?

-Туул голд усан сан байгуулаад, үерийн усыг хуримтлуулж, ундны уснаас бусад хэрэгцээг хангах боломж бий. Уух усаа л газрын гүнээс авдаг байя. Айлуудаас гарч буй, хүнсний үйлдвэрийн хаягдал усыг арьс ширний үйлдвэр хэрэглэдэг, усан сан байгуулж, усыг дахин ашигладаг болмоор байна. Хаягдал усны бизнесийг бий болгох хэрэгтэй. “Коко кола” компани хаягдал усыг бохирын хоолойд нийлүүлэхдээ тэрбум гаруй төгрөг төлдөг бол цахилгаан станцад өгч, мөн “Говь компани цэвэр усыг өндөр үнээр авч байснаас хаягдал ус ашиглавал мөнгө хэмнэнэ.

Нийслэлд 370 мянга гаруй дээвэр бий. Бид дээврийн усаа хуримтлуулдаггүй. Нийслэлд одоогоор хоногт 300 мянган м/куб орчим ус хэрэглэдэг. 2040 он гэхэд энэ тоо 1 сая м/куб болох магадлалтай. Бидний хангаж чадах усны хэмжээ 450 мянган м/куб орчим гэхээр усан сан барихаас өөр аргагүй.



-Усны тухай хуулиар голын эргээс 50 м зайд барилга барихыг хязгаарладаг ч Туулыг тойроод хотхон босчихсон. Энэ голын цэвэр ариун байдал ямар түвшинд байгаа бол?

-Туул, Сэлбэ, Дунд голын усыг шинжлэхэд гэдэсний савханцар нян илэрсэн тул Усны газраас эдгээр голын усанд орж, сэлэхийг хориглосон. Энэ бүхэн Туул голын эргээс 50-150 метр зайд байшин барьсан барилгатай холбоотой. Богд уулын ам, Зайсанд дээд тал нь 3 давхар байшин барих журмыг умартаж, 9-10 давхар хотхонууд босгосноор Зайсангийн ундны уснаас гэдэсний савханцар нян илэрлээ шүү дээ. Дунд голд байшин барьчихаад миний өмч гэх юм. Хот гэдэг бүхэл бүтэн цогц систем. Нэг нь доголдоход бүгд өртөх чөтгөрийн тойрог. Үүний суурь нь ус гэж боддог. Гол урсдаг газраараа л урсаж, үерлэнэ. Нэг л өдөр их үер буухад амаа барих вий. Сайхан амьдаръя гэвэл дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөөрэй гэж уриалмаар байна.


-Монгол орны усны эрдэслэг, чанарлаг талаар тодруулж ярина уу?

-Манай орон өргөн уудам нутаг дэвсгэртэй учир хангай, говь, тал нутгийн ус бүгд өөр. Жишээ нь говьд давсгүй, цэнгэг усыг рашаан гэдэг бол хангайд цэнгэг ус элбэг учир эрдэстэй усыг тэгж нэрлэдэг. Улаанбаатарын ус гайхалтай цэнгэгХарин монгол орны 30 гаруй сумын ус чанарын шаардлага хангахад хэцүү. Тухайлбал Завхан аймгийн ус эрдэс их учир удаан хэрэглэвэл арьс чийггүй, бараан болдог. Отгонтэнгэр хайрханы мөнх цаснаас хайлж буй усыг Завхан голд тогтоон барьсан нь Гэгээн нуур. Энэ нуурын усыг 46 км татаад, Говь-Алтай аймгийн Алтай буюу одооны Есөнбулаг сумыг маш сайн чанарын усаар хангадаг. Энэ мэт бид усаа бол ийш тийш татаж чадаж байна. Одоо мөнгөжүүлэх, ган, зэс хоолой хэрэглэх тухай ярих ёстой. Монголчууд мөнгөн аяга хэрэглэж байсан нь мөнгө усыг цэнгэгжүүлж, шинж чанарыг нь дэмждэгийг ойлгосон хэрэг.


-Цэвэр цэнгэг усаа хамгаалахад монгол хүн бүрийн эрхэмлэх 3 чухал зүйл таныхаар юу вэ?

-Үр хүүхэд, ач зээдээ үлдээх ус гэж бодвол өглөө шүдээ угаахдаа крантаа хаахын утга учрыг ойлгоно. Дээврийн усаа цуглуулъя, будаа угаасан усаараа цэцгээ усалъя гэхчлэн хувь хүн хандлагаа өөрчлөх чухал. Бизнесменүүд ашиг орлогоо тогтвортой үргэлжлүүлэхийг хүсвэл гол усаа хайрлах хэрэгтэй. Худалдааны төвүүдэд боловсон бие засах газартай бол үйлчлүүлэгчийн өнгөрүүлэх хугацаа урт болж, худалдан авалт ч нэмэгдэнэ. Мөн улс оршин тогтнохын үндэс нь ус. Хөдөө аж ахуйн салбар байгалийн усны эргэлтийг дэмждэг. Мал ус уулаа гэхэд эргээд байгальд шингэж, хоргол нь хүртэл бордоо. Газар тариалан төмс хүнсний ногоо ч эргээд байгальд шингэдэг. Иймд бид хандлагаа өөрчилж, усанд хөрөнгө оруулж, гол, нуураа хамтдаа хамгаалдаг байхыг хүсэж байна.


-Туул голын эдийн засгийн үнэ цэнийг хэрхэн тодорхойлж болох вэ? 

-Туул голын үнэ цэнийг нийслэл, магадгүй Монгол Улсын оршин тогтнох эсэхтэй тэнцэх хэмжээний гэж хэлнэ. Усыг мөнгөөр үнэлэх шаардлагатай бол бидний олж буй бүх ашиг орлого нийлээд Туул голын үнэ цэн юм. Туул гол байгаа учир, мөн Туулыг харахын тулд том цонхтой байр худалдаж авч байгаа нь эдийн засгийн үнэ цэн. Усны эдийн засгийн үнэ цэн нь усыг ашиглаад олж буй ашиг орлогоор нь хэлэх боломжтой. Манай улсын ДНБ-ий 80 хувь нь Туул голын үнэ цэн болж хувирч болно гэхэд хилсдэхгүй байх.


-Сүүлийн үед айл бүр хашаандаа худаг гаргах болж. Энэ нь хэр зөв зүйл вэ?

-Манай оронд 70 мянган худаг байгаагийн 17 мянга нь нийслэлд бий. Нутаг дэвсгэрийн 0,04 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Албан бус тоогоор нийслэлд 680 мянган нүхэн жорлон бий гэхээр нэг худгийг тойроод 40 жорлон байна гэсэн үг. Нийслэлд худаг бол шийдэл биш. Харин хөдөөд аль болох олон худаг гаргаж, хоорондын зайг нь ойртуулснаар малын хөлийн талхагдал, бэлчээрийг эзэнтэй болгох юм. Хөдөөд худаг хэрэгтэй болохоос жорлон дунд худаг гаргаж өөрсдийгөө хорлох нь маш буруу.

Монгол орны нутаг дэвсгэрийн 17 хувьд газрын доорх усны, 80 гаруй хувьд нь геологийн судалгаа хийсэн. Сүүлийн 30 жилд усны эрэл хайгуул хийгээгүй. Газрын доорх усны эрэл хайгуулаа үргэлжлүүлж, усны нөөцөө бүрэн тодорхойлох ёстой. Хаана ус байгаагаа мэдэж, менежмент хийнэ. Ойрын 10 жилд одоо байгаа 17 хувийг 50-60 хувьд хүргэхүйц судалгаа шинжилгээ хийнэ гэж найдаж байна.


-Монголчуудын усанд хандах хандлага орчин цагт хэр өөрчлөгдөж байна вэ?

-Францын эрдэмтэн 2005 онд монголд ажиллаж байхдаа “Танай Монголд байгаль орчны хууль хэрэггүй юм байна. Ёс заншлаа дагачихвал байгалиа гайхалтай хамгаалдаг хүмүүс юм” гэж хэлж байсан. Эргээд бодоход ус, байгальтай холбоотой зан заншлаа хадгалж, ойлгуулж чадсан бол сайхан байх байж гэж боддог. Жишээ нь булгийн эхийг булингартуулахгүй, энд байшин барихгүй, усанд сүү, цус, бохир сав суулга хийхгүй, шөнө булагт очихгүй гээд олон сургаал бий дээ.

Нэг сонирхолтой зүйлийг өгүүлэхэд, японы нэртэй эрдэмтэн монголд ирэх үеэр уулзаж ярилцахад, “Чиний ярианаас ажихад монголчууд миний гаргаж ирэх гээд буй ус амьтай гэдгийг мэддэг юм биш үү” гэсэн. Учир нь монгол хүн нялхас хөлсөхөд сэтэрхий аяганд ус хийж нар буруу 3 эргүүлээд хатавчаар цацдаг, хүүхдийн тархи хөдлөхөд унтаж байхад нь ус балгаад гурвантаа тургиад зүгээр болчихдог гэхчлэн усаар хийх домууд бий. Тэр эрдэмтэн, “Ус амьтай гээд байгаа нь та нар хүүхдийн биед байгаа муу энергийг усанд шингээгээд хаячихаж байгаатай зүй нэг юм” гэж билээ. Ийм сонин, хүчтэй соёл, зан заншилтай ард түмэн үүнийгээ мартаж байна. Өөр соёл хүчтэй нэвтрээд, нүүдлийн соёлоос сууринд шилжиж байгаа учир бид хоёр соёл иргэншлийн дунд төөрчихөөд байна. Аль болох нүүдлийн соёл, зан заншлаа, ядаж гол устай холбоотой уламжлалаа аваад үлдэх юмсан. 

Related news