ХӨВСГӨЛ: Хилийн цэргийн 0257-р ангийн Цагаан-Үүрийн салбар хурандаа Г.Дагважамцын нэрэмжит боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын тогтоолоор БНМАУ-ын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 0233 дугаар салбарыг Монгол Улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгч, академич, доктор, профессор, хурандаа Г.Дагважамц агсны нэрэмжит болголоо.
Тус
тогтоолыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Цагаан-Үүр сумын Засаг дарга
Т.Ханддорж Хилийн цэргийн 0233 дугаар салбарын захирагч, хошууч М.Довчинд
гардууллаа.
Мөн хурандаа Г.Дагважамц агсны үйл хэргийг мөнхжүүлэх хүрээнд дурсгалын хөшөө босгож, түүний нэрэмжит алдрын буланг байгуулсан байна.
Хурандаа Г.Дагважамц нь 1973-1978 онд Хилийн цэргийн 0166 дугаар ангийн зөвлөх мэргэжилтний орчуулагч, ухуулах ажлын зааварлагч, 05 дугаар ангид үзэл суртлын ажлын зааварлагч, 1978-1982 онд Хилийн ба Дотоодын цэргийн Улс төрийн газрын даргын эвлэлийн ажил эрхэлсэн туслахаар ажиллаж ажлын гараагаа эхэлсэн байна.
Тэрээр амьдралынхаа 45 жилийг эх орныхоо дархан хилийг хамгаалахад зориулж, зөвлөх мэргэжилтний орчуулагчаас Хилийн цэргийн ангийн захирагч, Монгол Улсын хойд хилийн төлөөлөгчийн газрын дарга хүртэл өөрийн залуу насаа зориулан мэдлэг чадвараа дайчлан ажилласан байна.
Мөн залуу үеийг эх оронч үзлээр сурган хүмүүжүүлэх, монголчуудын уламжлалт ёс заншил, ёс суртахууныг хилчдэд төлөвшүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний болон хилийн аюулгүй байдал, хөрш орнуудтай найрсаг, тэнцвэртэй харилцааг тогтоон тэнцвэржүүлэх, олон улсын геополитик, хилийн дипломат ажиллагааны талаар олон арван бүтээл туурвиж, эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйд мэргэшсэн эрдэмтэн судлаач байсан юм.


