Г.Баттөмөр: Театр хүний сэтгэл, оюун ухаанд гүн ухамсар төрүүлэхийг зорьдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан "Монгол туургатан" театрын дарга Гантөмөрийн Баттөмөртэй ярилцлаа.

-Орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага болох театрын шинэ түүхийг 1982 оноос эхлэлтэй хэмээн тэмдэглэдэг. Үүнээс өмнөх үед театр ямар түвшинд хөгжиж байсан бэ?
-Анхны түүхээс дурдвал, Богдхан уулын аймагт анхны улаан гэр 1932 оны 4 дүгээр сард байгуулагдаж, ардын авьяастнууд “Бээжин лам”, “Сумъяа ноён” зэрэг аялгуут үзэгдэл боловсруулан модон хөл дээр явж, өвгөн загасчны дүр эсгэж үзүүлбэр үзүүлдэг байсан гэдэг.
Улс орон зах зээлийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор театрын бүтэц, орон тоо, төсөв зардлыг уялдуулах бодлого хэрэгжүүлж, Хөгжимт драмын театрын нэр, статусыг өөрчилсний үндсэн дээр 2001 оноос “Дүнжингарав” театр нэртэй болсон.
2005 оноос “Театр киноны хүрээлэн” болж, аймгийн соёлын бодлого, орон нутгийн онцлогт нийцүүлэн 2007 онд БСШУЯ-ны зөвшөөрөл, аймгийн Засаг даргын захирамжаар “Монгол туургатан театр”-ыг шинэчлэн зохион байгуулж, бүтэц, орон тоог нэмэгдүүлэн мэргэжлийн урлагийн байгууллагын үндсэн чиг үүргийн дагуу ажиллуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 254 дүгээр тогтоолоор театрыг Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит болгосон.
Анх “Улаан гэр” 4-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр эхэлж байсан бол өнөөдөр тус театр 58 хүний орон тоотой ажиллаж, их болон бага танхим нийлсэн 800 хүний суудалтай үзэгчдэд үйлчилж байна.
-Монгол туургатан театраас олон суу билэг, авьяастнууд төрөн гарсан билээ. Энэ хугацаанд театраас төрөн гарсан алдартнуудыг дурдвал?
-1982 онд аймгийн Соёл урлагийн 10 хоногийг Улаанбаатар хотноо зохион байгуулж, нэг өдөр, нэг зарлигаар 5 гавьяат төрсөн байдаг. Үүнд: МУГЖ Ш.Эрдэнэчулуун, МУГЖ Нямсүрэн, МУГЖ Р.Банзрагч, УГЗ хөгжмийн зохиолч З.Батсүх, УГЗ бүжиг дэглээч Б.Гүрбазар нар байв. Мөн театраас МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн, МУГЖ Х.Далантай, УГЗ найруулагч Ч.Ганхуяг, МУГЖ Б.Ганхуяг, МУГЖ Ш.Цэцгээ, УГЗ Ш.Аюуш зэрэг 12 гавъяат энэ театраас ажил амьдралын гараагаа эхлүүлж байсан.
-Сүүлийн саруудад театрт жүжиг, тоглолтуудыг их толилуулж байна. Ямар ямар урлагийн төрөл, бүтээлүүдийг туурвиж, үзэгчдэд хүргэж байгаа вэ?
-“Монгол туургатан театр” гэсэн нэр, статусыг авснаас хойш тус театр голчлон Буриад, Киргиз, Якут, Халимаг, Тува, Өвөрмонгол, мөн барга, урианхай, торгууд, дарьганга, үзэмчин, өөлд, казах, дөрвөд, захчин зэрэг олон үндэстэн, ястны түүх, өв соёлыг судлан, урлагийн бүтээлээр дамжуулан ард түмэндээ хүргэж байна.
Мөн орчин үеийн бүтээл, драмын жүжиг, дуурь, хүүхдийн жүжиг, дэлхийн сонгодог бүтээл зэрэг олон бүтээлийг тайзнаа амилуулж байна.
-Энэ сард “Монгол туургатан театр”-аас хаврын улирлын нээлтийн уран бүтээл болох “Өнчин цагаан ботго” үлгэрийн хөгжимт жүжгийг үзэгчдэд хүргэнэ гэж сонссон. Театрын тайзнаа өөрсдөө дэглэн тавьсан ямар жүжгүүд байгаа вэ?
-"Өнчин цагаан ботго" үлгэрийн хөгжимт жүжгийг анх удаа театрын тайзнаа тавихад бэлэн болсон. Энэ бол зүгээр нэг үлгэр биш хүний мөн чанар, эхийн хайр, амьдралын үнэн түүхийн тусгалыг харуулахаараа онцлог.
2009 онд Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б. Дамдинсүрэнгийн нэрэмжит болох үеэр “Учиртай гурван толгой” дуурийг хамгийн анхны хувилбараар нь тоглож байсан. Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Шар гэгээ” драмын жүжиг зэрэг бүтээлээс гадна театрынхан олон бүтээл туурвисан.

-Нэг жүжгийн ард олон уран бүтээлч ажилладаг. Бэлтгэлээ бүрэн хангаж, тайзнаа тоглох хүртэл хэдэн өдрийг зарцуулдаг вэ?
-Нэг бүтээл гаргахад театр бүрэн бүрэлдэхүүнээр ажилладаг. Жүжгийн ард олон хүний нөр их хөдөлмөр, хүч, чадал, сэтгэл шингэсэн байдаг. Эхлээд бүтээлийн зохиол, төсөв зардал, тайз, хувцас, гэрэл, дууны шумыг бэлтгэдэг. Ихэвчлэн 2-3 сар зарцуулдаг.
-Театрын амин сүнс
нь уран бүтээлчид, ажилтан албан хаагчид маань юм шүү дээ.
-Театр, урлагийн байгууллага иргэдэд ямар мэдрэмж төрүүлж, ямар ойлголт, үнэт зүйлсийг хүргэх зорилготой вэ?
-Хүний дотоод сэтгэл, оюун ухаанд гүн ухамсар төрүүлэх нь театрын үндсэн зорилго юм. Ялангуяа хүүхэд, багачуудыг урлагт хайртай болгох, үзэл бодлыг нь эерэг чигт хөгжүүлэхэд бид онцгой анхаарч ажилладаг. Театрт ямар нэг тоглолттой үед үзэгч нь өөрсдөө дурлаж ирж үздэг байхыг хүсдэг. Үүний хэрээр бид дундаршгүй түүх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллана.