ТӨВ: Бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо өмнөх оныхоос цөөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Төв аймагт бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тодорхой өөрчлөлттэй байна. Тухайлбал, 2021 оны хоёрдугаар сард бүртгэлтэй ажил хайгч 379 байсан бол 2022 оны мөн үед 629 болж нэмэгджээ. Харин 2025 оны хоёрдугаар сард 209 иргэн бүртгэгдсэн бол энэ оны хоёрдугаар сард 94 болж цөөрсөн талаар аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.
Байнгын шинэ ажлын байранд ажилд орсон иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс бага зэрэг буурчээ. Өнгөрсөн онд 50 иргэн ажилд орсон бол энэ жил 49 болж, ажлын байрны хүртээмж тогтвортой байгааг харуулж байна.
Түр ажилд зуучлуулсан иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэн байна. Өмнө нь хоёрдугаар сард 64 хүн зуучлуулсан бол энэ жил 101 болж өсжээ. Харин ажлын байрны захиалга буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үед 227 захиалга байсан бол энэ жил 190 болжээ.
Ажлын байрны захиалга их байгаа хэдий ч ажил хайгч иргэд ажилд орох нь бага байгаагийн шалтгаан нь ажлын байрны тодорхойлолт, цалин, урамшуулал болон ажиллах цагийн хуваарь ажил хайгчдын шаардлагад нийцэхгүй байгаатай холбоотой ажээ.