ХӨВСГӨЛ: Нарийн ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын санаачилгаар “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” жилийн хүрээнд Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, ШУТИС-ийн Политехник коллеж, Мөрөн сумын ЗДТГ хамтран 1400 гаруй газар тариалан эрхлэгчдийг хамруулсан “Бүтээлч Хөвсгөлийнхөн” хүлэмжийн сургалтыг зохион байгуулж байна.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар “Сургалтад хамрагдсан 1400 өрхөд хүлэмж олгож, нарийн ногоо хэрхэн тарьж ургуулах талаар сургагч багш нар тогтмол зөвлөгөө өгнө. Хүлэмж авсан өрх бүр нарийн ногооны өрхийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй 5 айлын хэрэгцээг хангах зорилт тавин ажиллана. Үүний үр дүнд Мөрөн сумын иргэдийн нарийн ногооны өрхийн хэрэгцээг бүрэн хангах үр дүн гарна” гэдгийг онцолж байлаа.
Тус сургалт нь Мөрөн сумын иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд идэвхтэй оролцуулах, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл олгох, иргэдийн ур чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, зөвлөгөөг хүргэх зорилготой юм.
Мөрөн сумын хэмжээнд 130 гаруй ногоочин газар тариалангийн салбарт ажиллаж, төмсний 80 хувь, нарийн ногооны 30 хувийг хангадаг байна.
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 1400 өрхөд хүлэмж олгосноор Хөвсгөл аймгийн иргэдийн нарийн ногооны хэрэглээг дотооддоо бүрэн хангахыг зорьж
байгаа юм.

