Увс аймгийн сүлд тэмдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-26 12:34:16

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Увс аймгийн сүлд тэмдгийг 1999 оны 12 дугаар сарын 21-нд аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаанаар баталжээ.


Сүлд тэмдгийн тайлбар нь дэлхий бөөрөнхий бөгөөд нарыг тойрон тасралтгүй хөдөлгөөнд оршдог тул амьдрал, ертөнцийн үйл түүний нэгэн адил байдгийг харгалзан Увс аймгийн бэлгэдэл, сүлд тэмдгийг дугуй дүрстэй байхаар сонгожээ.


Доторх дүрсийн тойргийн дээд хагасыг цэнхэр өнгөөр харуулсан нь монголчуудын энх мэндийн бэлгэдэл болсон цэнхэр хадгийг илэрхийлжээ.


Улаан өнгөтэй гурван галын дөл, нар, сараар өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг харуулахын хамт мандан бадарч явахын бэлгэдлийг дүрсэлжээ.


Улаан зураасан тойргоор дотор хүрээ хийсэн нь аймгийн төв Улаангомыг илтгэжээ.

Тойргийн доод хагасыг шар өнгийн суурь дээр хар хүрэн өнгийн дүрсээр харуулсан бөгөөд морь нь мал аж ахуйг, арвай тарианы түрүү газар тариаланг, хүрд нь аж үйлдвэрийг бэлгэддэг.


Тойргийн дотор талд ногоон өнгийн суурин дээр Увс аймгийн нэрийг тод үсгээр бичсэн нь тал хээрийн бүсийг, тод үсгээр баруун монголын эртний уламжлалт соёлыг илтгэж байна.


Тойргийн төвд цайвар бор, цагаан шар өнгөөр элсэн манхан зурж говь цөлийг харуулжээ. Манхны цаана цагаан-цэнхэр давалгаагаар Увс аймгийн нууруудыг, нуурын цаана мөнх цасан Хархираа, Түргэний уулсыг дүрсэлсэн байна. Уулын цагаан оргил нь нисэж буй шонхор шувуу, монгол гэрийн өрхийг давхар илэрхийлдэг. 

 

Related news