Рианнагийн харш руу гал нээсэн эмэгтэй өөрийгөө гэм буруугүй гэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОС-АНЖЕЛЕС, 2026 оны гуравдугаар сарын 26 /Reuters/. Энэ сарын эхээр нэрт дуучин Рианнагийн Лос-Анжелес дахь харш руу гал нээсэн Флорида муж улсын оршин суугч эмэгтэй лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр "хүний аминд хүрэхийг завдсан хэрэгт би гэм буруугүй" хэмээн мэдэгдэв.
Ивана Лизетт Ортиз гэх уг эмэгтэй Лос-Анжелес хотын Дээд шүүхэд болсон хуралд биеэр ирсэн бөгөөд шар өнгийн шоронгийн хувцастай байжээ. Түүний өмгөөлөгч хүн амины хэрэг үйлдэхийг завдсан нэг хэрэг, хагас автомат галт зэвсэг хэрэглэсэн 10 хэрэг зэрэг түүнд тулгасан 14 хэрэгт гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн байна.
Шүүх хурлыг даргалсан шүүгч Тереза МакГонигл шүүгдэгч Ортизын батлан даалтаар суллагдах барьцаа мөнгөний хэмжээг бууруулах хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд 1.875 сая ам.доллароор хэвээр үлдээжээ.
Прокурорууд Ортизыг ням гаргийн үдээс хойш Лос-Анжелесийн Беверли Крест дүүрэгт байрлах Рианнагийн харшийн гадна автомашинаар ирж, 20 орчим удаа гал нээсэн гэж буруутгасан байна.
Хэрэг гарах үед дуучин Рианна, A$AP Rocky нар бага насны гурван хүүхдийн хамт гэртээ байжээ.