ХӨВСГӨЛ: НҮБ-ын Хүүхдийн сангийн баг орон нутгийн ажилтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-26 10:09:47

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүдийн баг Хөвсгөл аймагт ажиллаж, хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийг дэмжих чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлж байна.


Тус ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Машбат болон холбогдох агентлаг, хэлтсийн удирдлагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлаар санал солилцлоо.


Тус баг хүүхдэд чиглэсэн орон нутгийн төсөвлөлтийн хэрэгжилттэй танилцаж, баримтжуулах,  хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллан холбогдох мэдээлэл цуглуулах, Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй өсвөр үеийнхний нөлөөллийн төслүүдтэй танилцаж, видео ярилцлага, зураг авах юм.


Усан хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдалтай танилцаж,  хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон аймгийн Хүүхдийн зөвлөлтэй уулзалт зохион байгуулах, сургуулийн хоолны хөтөлбөрийн санхүүжилтийн өнөөгийн байдалд үнэлгээ хийх,  хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцана.  


Мөн ажлын баг Рэнчинлхүмбэ, Хатгал, Цагаан-Үүр суманд ажиллаж, тухайн сумдын сургуулиудад хэрэгжиж буй өсвөр үеийнхний нөлөөллийн төслийн хэрэгжилтийг баримтжуулж, видео ярилцлага, зураг авахын зэрэгцээ усан хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдалтай танилцан холбогдох судалгаа хийж, баримтжуулах юм.


Багийн бүрэлдэхүүнд Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараа, УХАЦЭА-ны ахлах мэргэжилтэн Н.Батнасан, Нийгмийн бодлогын ахлах мэргэжилтэн Б.Мөнхтуул, Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Д.Ариунзаяа, Өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг нар ажиллаж байна.





 

 

 

Related news