ХӨВСГӨЛ: Энэ онд 64 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд энэ онд 64 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ гэдгийг Засаг дарга Л.Төмөрбаатар хэллээ.
Энэ хүрээнд 14 МВт-ын хүчин чадалтай дулааны станц барих, Зүүн Мөрөн хорооллын 77 га газарт 235 барилга, орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөсөн байна.
Хамгийн гол нь дулааны асуудал тулгардаг учраас үүнийг шийдвэрлэхийн тулд зураг төслийг хийлгэж тендер зарласан байна. Дулааны станцыг ирэх оны аравдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна.
Тус станцыг ашиглалтад оруулснаар суурьшлын бүс өргөжин тэлэх, айлууд дулаанд холбогдох нөхцөл бүрдэж, улмаар агаарын бохирдол буурах олон үр дүн гарна.
Мөн 35кВ дэд станц, Мөрөн сумын дөрвөн замын уулзварыг өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
