УВС: “Говийн чоно” олон улсын сургуулилалт 9 дүгээр сард болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. АНУ-ын ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе Жэймс Маллой, дэд атташе Дмитрий Леонтьев болон ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга хурандаа Х.Сүхбаатар тэргүүтэй албаны хүмүүсийг аймгийн Засаг дарга Э.Насанбат энэ сарын 24-нд хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр 2026 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд ОБЕГ-аас АНУ-ын
ЭСЯ болон Увс аймагтай хамтран зохион байгуулах “Говийн чоно” олон улсын сургуулилалтын
талаар ярилцсан юм. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь байгалийн гамшгийн үед
талуудын харилцан үйлчлэлийг сайжруулах, туршлага солилцох, өгөгдсөн цагийн
байдал, шинэ сорилтуудыг даван туулах чадавхыг орон нутгийн алба хаагчид, иргэдэд олгоход оршино.
“Говийн чоно” сургуулилалтыг 2024 онд Дорнод аймагт зохион байгуулсан бол энэ жил Увс аймгийг сонгосон шалтгаан нь нутгийн гол мөрөн, нуур элбэгтэй, өндөр уулстай төдийгүй гамшгийн эрсдэл их бүс нутаг гэж үзсэнтэй холбоотой юм.
Энэхүү сургуулилалтад гадаадын 18 орны 800 гаруй оролцогч, ажиглагч хүрэлцэн ирэх тул Увс аймаг бэлтгэл ажлаа сайтар хангахаас гадна орон нутгийн аялал жуулчлалыг сурталчлах, брэнд бүтээгдэхүүнээ борлуулах өргөн боломжтой юм.
Аймгийн Засаг дарга Э.Насанбат хэлэхдээ, “Увс аймаг нь АНУ-ын ЭСЯ-тай идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Америкийн мэдээллийн төв, мөн хоёр цэцэрлэг тус аймагт барьсан нь ЭСЯ-ны үйл ажиллагаа зөвхөн Улаанбаатар хотод биш, алслагдсан хөдөө орон нутагт хүрч ажиллаж байгаад талархалтай байна. “Говийн чоно” сургуулилалтыг Увсад зохион байгуулахад бид бүх талаар дэмжиж хамтран ажиллана” гэв.