З.Хүүлээхэн: Волейбол нь “Би биш бид” гэсэн зарчмыг бодитоор илтгэдэг спорт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-25 10:13:44

Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Зуунмод суманд U11-12 насны волейболын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ тэмцээнийг "Пенка" волейболын клубийн багш, дасгалжуулагч Зоригийн Хүүлээхэн удирдан явуулж байгаа бөгөөд түүнтэй ярилцлаа.


-Таныг Төв аймгийн шигшээ багт тамирчин байсан гэж дуулсан. Та энэ спортоор анх хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Би Төв аймгийн Борнуур суманд төрж, Зуунмод суманд өсөж, амьдарсан. Ээж минь биеийн тамирын багш байсан тул бага наснаасаа бөмбөгтэй спортод ойр өсөж, тодорхой хэмжээнд эв дүйтэй болсон. Тэр дундаа ширээний теннисээр хичээллэдэг байлаа.

Хожим спортын мастер А.Дуламсүрэн багшийн удирддаг волейболын дугуйланд сонирхон элсэж, удалгүй анхны тэмцээндээ оролцсон нь улсын аварга шалгаруулах тэмцээн байсан юм. Тэр тэмцээнд ялагдаж гарч ирээд ихэд уйлж байснаа одоо ч тод санаж байна. Тухайн үед 12 настай надад “илүү их бэлтгэл хийж, илүү сайн тоглох байж” гэсэн бодол төрж харамссан. Харин тэр мэдрэмж, тэр хүсэл тэмүүлэл л намайг улам хичээхэд хүргэж, улмаар энэ спорттой амьдралаа салшгүй холбох эхлэл болсон доо.


-Хүүхэд байхаасаа дурлан хичээллэсэн спортдоо та яагаад тамирчин байхаас илүү багш, дасгалжуулагч болох замыг сонгох болсон бэ? Тамирчин байх үеийн болон багш, дасгалжуулагчийн хувиар талбай дээр ажиллах үеийн сэтгэл зүйд ямар ялгаа байдаг вэ?

-Ээж минь боловсрол эзэмшихийн чухлыг ойлгуулсны дагуу би орос хэлний багшаар суралцан төгссөн. Сургуулиа төгсөөд боловсролын салбарт ажиллахын зэрэгцээ аймгийн шигшээ багт тоглосоор байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн тоглолтоос илүү багийнхныхаа тоглолтыг анзаарч, зарим алдаа, давуу талыг нь хэлж зөвлөмөөр санагддаг болсон. Энэ нь надад багш, дасгалжуулагчийн чиглэл рүү хандах сэдэл өгсөн гэж боддог.

Ингээд хоёр жилийн өмнө “Пенка” волейболын клубийг үүсгэн байгуулж, өнөөдөр 3 багш, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй, 8-18 насны 85 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.


Тамирчин байх үедээ би зөвхөн өөрийнхөө сэтгэл зүйг тогтвортой, тайван байлгахад анхаардаг байсан. Харин багш, дасгалжуулагч болсноор талбайд гарах 6 тоглогч төдийгүй сэлгээний 6 тамирчин гээд бүх хүүхдийн сэтгэл зүйг тайван, төвлөрсөн байлгахын төлөө бүх чадлаараа ажиллах шаардлагатай болдог юм байна.


Анхны жилд би хүүхэд нэг бүртэй өөрөө тулж ажилласан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдүүд бие биеэсээ суралцдаг гэдгийг ойлгож эхэлсэн. Талбай дээр би хүүхэд бүрийнхээ чадварыг мэддэг ч, зарим үед тэд хийж чадахгүй байгааг харахад үнэхээр сэтгэл өвддөг. Тийм мөчүүдэд “манай багш нар биднийг яаж ингэж тэвчиж, дэмжиж байсан бол” гэж бодогдох үе ч цөөнгүй гардаг.


-Сэтгэл зүйчийн үүргийг давхар гүйцэтгэнэ гэдэг утгаараа та хүүхдүүдтэй ямар байдлаар харилцаа тогтоодог вэ? Жишээлбэл, алдаа гаргасан хүүхдэд ямар байдлаар зөвлөгөө өгч, хэрхэн дэмждэг вэ?

-Хүүхэд алдаа гаргасан үед би юуны түрүүнд тухайн алдааг нь ойлгуулж, дараагийн удаа давтахгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ ихэнх хүүхэд нэг алдаа гаргасныхаа дараа бүх зүйлд өөрийгөө буруутгах хандлагатай болдог.

Тиймээс алдаа гаргахаас айх хэрэггүй, харин тэр алдааг хэрхэн хурдан засах вэ гэдэгт анхаарч, гарц шийдлээ бодож сурах хэрэгтэй гэж хэлдэг. Харин алдаагаа ухамсарлаж ойлгосны дараа дараагийн бөмбөгийг өөртөө итгэлтэйгээр эзэмших нь чухал гэдгийг үргэлж сануулдаг.


-"Пенка" волейболын клубийг өмнө нь тоглогч байсан хүмүүс удирдан ажиллуулдаг гэж сонссон. Танай клубийн онцлог, давуу тал нь юу вэ?

-Төв аймгийн шигшээ багт тоглож байсан тамирчид бүгд энэ спорттой холбоотой салбарт ажиллаж байна. Тухайлбал, дээд лигийн ахлах дасгалжуулагч, спортын хувцас, хэрэглэлийн үйлдвэрлэл эрхлэгч, дугуйлан хичээллүүлдэг багш нар гээд олон чиглэлд амжилттай ажиллаж байгаа. Манай клубт ч гэсэн өмнө нь холбогч, хамгаалагчийн байрлалд тоглож байсан тамирчид багш, дасгалжуулагчаар ажиллаж байна.

"Пенка" волейболын клуб нь Төв аймагтаа өсвөрийн волейболын клубийн хувьд анхдагч гэдгээрээ онцлогтой. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн хэрээр зөвхөн тодорхой байрлалуудаар дагнан, тухайлбал холбогч, хамгаалагч, довтлогч бэлтгэдэг тусгайлсан ангиуд нээх зорилготой байна.


-U11–12 насныхан мини талбайд тоглодог. Энэ насны ангиллаар тэмцээнийг яагаад зохион байгуулах болсон бэ?

-Энэ насны ангиллыг мини волейболын хамгийн ахлах шат гэж хэлж болно. Эдгээр хүүхдүүд дараа жилээс өсвөрийн ангилалд шилжиж, том талбайд тоглож эхэлдэг. Тиймээс бид энэ шилжилтийн чухал үеийг онцлон, уг насны ангиллыг сонгон тэмцээнээ зохион байгуулж байгаа юм.


-Волейболын спортоор хичээллэдэг хүүхдүүд бие бялдрын хөгжлөөс гадна өөр ямар ур чадваруудыг эзэмшдэг вэ?

-Хүүхэд сонирхон хичээллэж эхэлснээр бусдыг сонсох чадварт суралцаж, багаар ажиллах, бие биенээ хүндэтгэх, магтаж урамшуулах зэрэг олон чухал ур чадварыг эзэмшдэг. Нэг бөмбөгийг газар унагахгүй байхын тулд 12 хүүхэд нэг хүн шиг сэтгэж, хөдөлж, хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай болдог. Волейболын спортод нэг хүн ганцаараа шилдэг байх боломжгүй. Хамгаалалт сайн байж, холболт зөв хийж, түүний үр дүнд довтолгоо амжилттай болж оноо авдаг.

Тиймээс волейбол бол “Би биш бид” гэсэн ойлголтыг бодитоор хэрэгжүүлдэг, багийн сэтгэлгээний жинхэнэ илэрхийлэл юм.

-Ярилцсанд баярлалаа.  

Related news