ХӨВСГӨЛ: “Тэсийн голын нүүдэлчид” өв соёлын наадам 8 дугаар сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-24 15:06:30

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас Тэсийн голын дагуу амьдарч буй нутгийн иргэд өвөг дээдсийн уламжлалыг өвлөн, эх нутгаа хайрлан хамгаалах, өв соёлоо сурталчлах зорилгоор “Тэсийн голын нүүдэлчид” өв соёлын наадмыг 8 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.


Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн нутаг Булнайн нуруунаас эх аван 550 км урссаар Увс нуурт цутгадаг манай орны томоохон голуудын нэг бөгөөд ганц эх оронч гол юм. Учир нь Тэсийн гол нь ОХУ-ын нутаг руу урсаж гараад эргээд монгол нутагт орж Увс нуурт цутгадаг онцлогтой. Тэсийн гол нь адаг орчимдоо хэсэг хэсэг салаалж, тэр дагуудаа намаг, нуга, хужир, мараа, усан арал, бургасан шугуй бүхий өвөрмөц үзэсгэлэнтэй газар юм.


Тэсийн голын дагуу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Завхан аймгийн Асгат, Баянтэс, Тэс, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Тэс сумын иргэд амьдардаг.


Тэсийн гол дагуу амьдардаг хотгойд, баяд, урианхай үндэстнүүдийг нэгтгэн, нүүдэлчин соёл, өв уламжлалыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах нь тус наадмын онцлог юм. 


Наадамд Тэс голынхоо уснаас хэдэн үеэрээ ундаалж ирсэн 3 аймгийн 8 сумын иргэд хүрэлцэн ирж, нүүдлийн соёлыг харуулсан шар тэрэгний нүүдэл, тэмээний нүүдэл, тэс, хотгойд дуу хуурын өв соёлыг танилцуулна. Мөн бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа зэрэг уралдаан тэмцээн, мах, сүү, цагаан идээ, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. 








Related news